"Сумын төв дээр" /өгүүллэг/

"Сумын төв дээр" /өгүүллэг/

 "Yхлээ, үхлээ, ёо, ёо" гэсээр тэр орноосоо арай гэж өндийв. Аманд нь түй гэх шүлсгүй болж, уруул нь хатан, толгой тархи нь дүйнгэтэн мэнэрнэ. Зуухны хажуу дахь бөөр нь хэмх ёнх болсон данхнаас хүйтэн цай гүд гүд залгилахад, гэдэс ходоодонд нь нэгэнт асан алдсан түймрийг нь бага ч гэсэн номхоруулах шиг болов. Гэрийн доторх юмс ундуй сундуй. Халбага нь гозойчихсон гурилтай хоолны үлдэгдэл шүүгээн дээр харагдана.

- Муу хар авгай маань хаачиваа, урд шөнө гэртээ хоноогүй байх нээ. Шилрээд алга болж дээ. Бас л хөөрхийгөө нүдчихээ биз дээ. Yйлтэй ч амьтан юм даа. Нүдийг нь бүлтэлчихгүй юмсан. Бусад нь дүүрч. Хар Дорлигийн амнаас гарсан болохоос биш үнэн байх шүү золиг гэж, юу гэлээ "Эр хүн нударга зангидаж хорслоо тайлдаг, эм хүн өмдөө шувталж хорслоо тайлдаг” гэлүү гэж түүнийг бодоход түүний хоолой хорсон, зүрхэн дээгүүр нь зараа гүйх шиг болов. Зодуулаад сурчихсан юм даа, хөөрхий өдийд Өнөрөөгийнд очоод, сална барина гээд л баахан усан нүдэлж байгаа биз. Хаа холдохов гэж дээ. Усандаа ирж байгаа борлон шиг гүйгээд л ирдэг юм. Миний энэ ямаан омог тах Дэрэмийг нэг л өдөр дээлээ толгой дээрээ нөмөргөх байх шүү. Дороос муусайн нусгайнуудын булчин шөрмөс сүрхий чангарч байна гээч. Саяхан болтол миний өөдөөс сарвалздаг амьтан энэ суманд байгаагүй. Тэр ногоортлоо шартснаас болоод хэгз цохиулсан уруул, толгойныхоо булдрууг сая л анзаарав. Хэн цохио бол чамайг дээ, юун түрүү сэхэж хүн шиг хүн болох хэрэгтэй байна. За яахав, тэмээ бөхөө хардаггүй гэдэг юм. Чоно хавхандаа чангарна уу гэхээс, үхдэггүй юмаа гэж Дэрэм энэ тэрийг эргэцүүлэв.

Зүүн орны наана хөвөн зулхай нь энд тэндээ цухуйгаад тасрах шахсан хиртэй хөнжил аятай юманд толгойгоо шургуулаад унтаж байгаа хүүгээ инээмсэглэн харснаа энэ миний туурайг хатаах янзтай шүү. Зүгээр зүгээр! Одоо цагт номхон явсан нь л алдана. Чоно шиг амьдардаг цаг ирж дээ. Хэн хүчтэй нь л хоолоо олж иднэ. Хичээлдээ ч намайг дуурайсан ногоон нойл юм билээ дээ. Yсэг тоо хоёрыг ялгачихдаг байвал болоо. “Хүүе, золигоо босооч хичээлдээ явдаггүй юмуу" гэж Дэрэмийг хашгирахад үдээр шиг гүрдийсэн чөргөр хөх хүү унтаа чигээрээ чанга гээч нь атгаатай байгаа хэдэн бор боорцогоо алдаж асган нүдээ нухсанаа "хичээлгүй шүү дээ" гэж ундууцаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. "Аа нээрэн тийм л дээ. Сургууль хөлдөөд хичээлээ хаасан гэл үү. Жил болгон тэгдэг дээ. Гэм биш зан. Малтай багш нар л башийж байгаа байх даа. За маньд ямар хамаатай юм гэж үглээд хүчлэн бослоо.

Тэр явуут дээлээ ханцуйлаад хаалганаасаа толгойгоо цухуйлган айл айл руу олбилзон харах нь эрэгчин чоно агуйнаасаа сунайн гарч алсыг ажин ангийн үнэр авахтай тун ч төстэй харагдах аж.

"Нар цухайчихаад байхад өмхийртлээ унтацгаагаад, яасан лойчихсон лүднүүд вэ, буу тавиад сэрээчих юмсан. Yхлээ, үхлээ яая даа байз, аминд орох хэн байдаг билээ" гэж үглэхэд түүний нүдэнд хашааны мухарт байгаа нэг муу зуугийн поошигны үнс хог амаараа давж асгараад, угаадас дов болтолоо хөлдсөнийг хараад улам ч ой гутав. Юм л бол эрээн мяраан янз бүрийн сонин барьчихсан явж харагддаг, улстөрийн мэдлэгээрээ гайхуулдаг ганц сэхээтнийх босоогүй байгааг яндангаар нь андашгүй мэдээд "Би ч бас эртэч шаггүй эр юмаа" гэсэн омгорхол төрөөд авав. Идэр есийн жавар хамрын үзүүр төмөр шиг хайрна. Өлбөлзөн удаан гэгч харж зогсов. "За ашгүй Сандагийнх эхлээд яндангаа хатгалаа. Эднийд шар тайлах юм бий дээ."

 - Тэр муухай ааштай шар авгайг нь яаж аргалнаа. Yхсэн хойноо, манай муу хар авгайгаас юугаараа илүү юм бол доо, зайлуул. Зочид буудлын эрхлэгч санаатай юм хийж байгаад л яг мань мэт шиг ажилгүй болчихсон амьтан шүү дээ. Тэгсэн хэрнээ дандаа том цүнх барьж явна гээч. Соёлтой хүүхнүүдтэй арсалддаг ухаантай юмуу даа. Ямар үхсэн үлийний бичиг ном түүнд байхав дээ. Эднийх ноолуураар л жаахан сэхсэн болохоос маниустай адил даа. Томроод мэндийн зөрөөгүй өнгөрнө гээч. Мань мэтийн хар юмнаас өөр юманд бол хөлөө хугалчих шахнаа. Хөөрхий, тэр муу Сандаг юугаа мэдэх вэ дээ хүүхэд шиг амьтан. Харин архичиндаа хайртай байдаг юм. Сандагийн аяыг олох амархан. Харин тэр муу шар авгай!

"Эдэнтэй уурлаад нэмэргүй. Ухаан сийлэх л хэрэгтэй. Эр хүний арван гурван мэхээс ердөө гурвыг нь гүйлгэхэд л Дэрэм хүүгийн гарт бүх юм ороод ирдэгсэн. Сандаг дэмий үгэнд дуртай. Баахан юм хамж чимж бурвал учиртай даа. Сүүлд энэ суманд чинь юу боллоо доо. Хот руу хэн явсан гэлээ. Мал их үхэж байгаа гэсэн. Өнөө муу будлиу Жа даргын онигооноос ярихад нүд нь сэргээд ирнэ дээ. Сумын толгойтой болгон яриад сонирхолгүй болчихсон байхаа. Тэгэхлээр шар авгай нь бас тоохгүй ээ. Юу гэж худлаа залъя даа байз" гэж Дэрэм ганцаараа яриад дээлээ хөөргөж бүслэв. Дээшээ хараад тарваганы дош шиг онгойж байгаа эсгий гутлынхаа амсар дээр жийргээ нөмөргөж тавиад нэг үсрээд л хөлөө чихчихэв. Тэр бүр хар багаасаа дотуур байранд байхдаа л гутлаа ингэж өмсдөг зуршилтай болжээ. Жийргээр хөлөө ороох гэдэг түүнд үнэнхүү залхуутай яршигтай зүйл санагдана. Хөл нь гишгэж л байвал болох нь тэр. Нэг удаа хөндүүрлээд байсныг тоохгүй явсаар сүүлдээ гишгэх аргагүй болоход үзвэл бүдүүн гэгчийн зүү арьс махны завсраар хөндлөн орчихоод идээлчихсэн байсныг хэд хоногийн дараа мэдсэн гээд бодчих. Бас дээр нь өвлийн ямар ч хүйтэнд толгой нүцгэн явах мөртлөө уур савсаж явна.

Тэр юу гэж худал гөрдөх тухайгаа толгой гашилган бодсоор байлаа. "Мөлүү Сүх аймагт түрүүлсэн хар азаргаа газрын цээж рүү том жийпээр өгчихөж гэнээ гэхүү шар авгай морь мал тоохгүй ээ. Хар ус гударсаар байгаад энэ загзгар хар толгойд юм орж ирэхээ болихнээ" гээд толгойгоо шааж үзэв. "За байз. Манай нөгөө муу хэнхэг цагдаа өчигдөр тэнэг Лутыг гавлаад аймаг руу шоронд явуулчихжээ гэвэл яах бол? Ийм юм байсхийгээд л гардаг шүү дээ. Хулгай яривал бүүр ч дэмий балай юм болно. Ямар ч сонирхолгүй". Дахиад ус залгилах гэсэн боловч алга,  данхаа зуухны ам руу чулуудав. Зуухны хүхээ нь галанд сорогдоод сархинаг шиг юм болсныг сая л харлаа, Амаар нь дүүрэн үнс. "Энэ муу авгай ч естой дэлсүүлж байвал таарах залхаг амьтан даа, мөн ч лоймол барам шүү. Салраад л"

Төмөр лаазтай ус голдоо овойтол хөлдчихсөнийг Дэрэм баривгар том гараараа ганц дэлсээд цөмлөв. Яасан сайхан юм бэ өдий болтолоо үүний ид шидийг нь мэддэггүй байна шүү, хүн ухаажихгүй байсаар маргааш нь үхдэг гэдэг үнэн юм гэсээр мөсийг бөөнөөр нь шаржигнатал хэмхчин хазалж, мөн гарын алгын чинээгээр нь дух, хацар, дагзаа үрлээ. Ийм сайхан хүйтэн юм байх гэж. Мөс ингэж аминд ордгийг нээснээ өөртөө ч бас л омгорхоод авав. Yе үе өөрөөрөө бахадна. Түүнээ бусдад давс нэмээд гайхуулчихна. Гэвч бас л дотор нь олон эрээн могой эвхэрэлдэн дураараа эргэж хөрвөж байгаа шиг түүнд санагдана.

 "Шар авгайд л түлхүүр нь байгаа. Сандагт ямар мэдэл байх биш. Өнөө хэн гуай. Сүүжийн хонхорт тас харанхуй шөнөөр үнэг хөөж яваад нэг харсан чинь үнэг нь хөх дэлэнгээ унжуулсан өлөгчин чоно болчихсон давхиж байна гэнэ. Бүүр сүүлдээ шав шалдан цагаан үстэй эм болчихоод машиных нь хамар дээр суугаад... Yгүй! Yгүй энд тэнд үүнийг зөндөөн бурсаар байгаад тоохоо байчихсан зүйл. Дэрэм хүүгийн толгойд ярианы сэдэв үг зөрөхийн хооронд гялс манас ороод ирдэг юмсан. Ухаан муудаад байна даа" гэснээ байж суухын аргагүй болсон тул хаалганы завсраар дүүрэн цан хүүрэг болсон гэрээсээ гарлаа. Сандагийнх ердөө хоёрхон хашааны өмнө болохоор юухан байхав. Хэдхэн алхмын ажил байв. За байз, юугаа ярьж хуйхаа маажинаа гэж үүдэнд нь хэсэг халгаснаа болохгүй бол хүч хэрэглэнэ дээ гэж шийдээд хаалгыг татав.

 - Ээ дээ энэ Зулаа шиг ийм эртэч авгайгаар тогоо шанагаа бариулчихаа чам шиг дулаан хөнжилдөө дугжирч байхсан. Мөн аз хийморьтой эр шүү гэснээ сэрсэн хэрнээ гэрээ дулаацахаар босох санаатай байгаа Сандагийн хөнжлийг хуулмар аядав. Зулаа түүнийг даанч хүн байна гэж тоосон шинжгүй, "Хар үүрээр хаалга үүд онголзуулаад, хар ус л эргүүлж яваа биз" гэж тас ширвэхэд Сандагийн санаа зовов бололтой "тий тий яасан хүйтэн гартай золиг вэ" гэснээ авгай руугаа хүүхэд өхөөрдөх адил уруулаа дэвсэн нялхамсаж "Миний өвгөөн. Хүн өглөөний мэнд ус асууж байхад хангир янгир гэж болохгүй шүү дээ" гэж аргадах аядав. Дэрэм Зулаагаас ийм араншин гарна гэдгийг сайн мэдэх байсан болохоор тоосонгүй, айл хунар ах дүүсэд чинь өглөө, үдэш гэж байх учиргүй биз дээ гэснээ маасайтал инээж:

 - Туулайн хэвтэр ч төөрсөн хүнд дулаахан гэгчээр манай Зулаагийн хэвтэр ч дулаахан янзтай юмаа. Чи ийм сайхан авгайг яаж авч суусан юм бэ гэж инээгээд Сандагийн хажуу талын дэрийг гараараа илж маяглав. Зулаа түүнийг нэг нүдээрээ ч харалгүй хм гэж эгдүүцэн, зориуд аяга таваг тачигнуулан эргэнэгийн хаалгыг тас няс саваад "Сандагаа чи босооч! Ажлаа бод. Айлаас үүцээ авчираарай, мах дууслаа” гэж тачигналаа.

 - Нөгөө муу сумын заан Норов онхолдчихсон гэл үү? Бие нь ямар байгаа бол? Наадмаар одоо гадныхантай хэн гар зөрүүлнээ. Байдаг даагаа тавиад туучихнээ дээ.

- Юун бөх мөх вэ? Хүүе дуулж байна уу, Сандагаа цайгаа гударсан болоод эртхэн ажлаа бодооч. Далбайсан, ажилгүй хар юмнууд ёс юм шиг цуваад ирнэ гээд Дэрэмийг хяламхийв.

 - За, за тэр яахав. Хөдөөний бид чинь бөх, морио ярихгүй бол өөр юугаа ярих юм бэ?

- Хэзээ манай суманд олигтой бөх байсан юм бэ? Та нар шиг хар ус гудардаг юмнаас эрүү маанаг зулбадас гарна уу гэхээс гэж уурласандаа болоод Зулаа арчиж байсан аягаа хагалчихав.

- Тэгж ярих юм бол Норов зааны хэдэн чардгар банди төв хөдөөгүүр бий шүү, би нэг бүрчлэн мэднэ гэж Дэрэм арзайтал инээсэн биш гал дээр тос нэмэх шиг юм болов. Тийм майга бүдүүн, бух шиг юмыг хэн тоодог юм бэ?

- Худлаа гэвэл чамд нэрлээд өгөх үү? гээд Дэрэм хуруугаа түүний өмнө сарвайв.

- Тэр Норов зааны чинь хүүхэд арай чиний авгайд чинь байгаа юм биш биз дээ.

- Хуцваа... Тэгж ярих юм бол за яршиг даа гэж Дэрэм Сандаг руу харснаа "муусайн авгайчууд хэцүү шүү дээ" гэж бувтнав.

- Зулаа минь амаа татаач. Шал дэмий мааз юм ярих юм гэж Сандаг яриаг өөр тийш эргүүлэх санаатай,

 - Авгай чинь юу хийж байна даа гэлээ.

 - Юу хийдэг юм. Авгайчуул хов ярих, эрчүүд архи уухаас өөр хийх ажил энэ суманд чинь алга шүү дээ.

 - Чи муу авгайгаа дандаа зодож, шар арьсанд нь хатааж байх юм. Арай өөр юманд омгоо гаргаж чаддаггүй юмуу, Танай авгай чинь тэсэхээ байгаад хотын машинд суугаад алга болсон шүү дээ. Авгайгаа алдчихаад хар үүрээр ингэж айл хэсч явах гэж дээ

 - Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр Зулаа минь больж үз...

  - Худлаа худлаа, тэр хар авгайн минь бурантаг надад явдаг юм шүү дээ. Явлаа гээд хаа холддог юм бэ? Ер нь авгайчууд та нарын бэлчээр хаа л билээ дээ. За, за би хэрэлдэх гэж танайд үүр цүүрээр ирээгүй юм. Их чухал ажилтай! Сандаг ч босоод айван тайван морь харчихаад ир, тэгээд түүнээ хэлье гэж Дэрэм Зулаа руу нүд ирмэв.

- За Зулаа минь. Би зүгээр танай нөхрийн чинь өмнө худлаа уурлаж нохойтож байгаа минь тэр. Чамд маш чухал үг хэлэх гэж ирлээ. Их чухал шүү.

 - За, за чи бид хоёрын хооронд хэрүүл байна уу гэхээс хэлцээр байхгүй шүү дээ.

- Чи дуугүй л сонсч бай. Одоохон Сандаг ороод ирнэ, Тэгвэл бишиднэ 

 - Миний нөхөр яахлаараа чиний яриаг сонсч болдоггүй билээ? Намайг бас татаж чангаах ухаантай юмуу? Горьдвоо.

- Би мэднээ, чи мань мэтээс тохой илүү давчихсан согоо шүү дээ. Чамайг харин цаана чинь сумын мисс гэлцээд байнаа.

 - Өө, за за; намайг уу даа! Энэ чинь чиний урд шөнийн хар дарсан зүүд үү? Баярлалаа гэм.

 - Yгүй ээ, үгүй. Эрчүүдийн нүд өөр. Жишээлбэл, би чамайг тэгж хэлэхгүй байж болноо доо. Чи чинь ингэхэд сумандаа байхгүй өндөр нарийхан гоолиг, гунхалзсан дамшиг юм гэнээ. Өчигдөр л архидаж яваад сумын харчуудаас тэгж сонслоо.

- Муусайн хар архичдын нүдэнд чавганц ч мисс болж үзэгдэнэ шүү дээ.

- За чи миний үгийг дуугүй сонс. Саяхан би сумын эмч залуутай уулзлаа. Их сайхан залуу юмаа. Ганц бие хүн яаж олигтой амьдрах вэ дээ.

 - Тэгээд тэр эмч чинь юу гэж байх юм?

- Гол нь яг үүндээ байгаа юм. Чамайг хүсч явдаг гэнээ. Надад итгэдэг юм зайлуул. Yүнийг хичээж чамд хэлж тус болооч гэсэн юм

- За чи битгий худлаа залаад бай, тэр чинь надтай тоож ч үг сольдоггүй шүү дээ. Их зантай юмуу даа гэж бодсон шүү.

 - Yнээн, чи нэг удаа биеэ үзүүлсэн юмуу?

  - Yгүй л байх учиртайсан, тэгээд юу гэж байна?

  - Чамайг их гоё сайхан биетэй хүүхэн билээ. Би ийм хүүхнийг л мөрөөдөг гэж байна лээ.

 - Аяархан гэм, Сандаг сонсчихвол сүйд болно.

 - Би ч бас чиний өмнөөс баярлаад, үүнийг хэлэх гэж хар үүрээр ирж байгаа нь энэ. Тэр эмч баргийн эмэгтэйд ингэж хэлэхгүй шүү дээ. Насны үд голлох шахсан бидэнд ямар хамаатай юм бэ? Одоо ч хаа сайгүй хамжааргагүй болсон дуулдах юм.

 - Хачин юм даа, тэгж яривал би чинь дандаа ч ийм хормойгоо чирсэн хүн яваагүй ээ. Буудалд ажиллаж байхад энд тэндхийн төлөөлөгч зүгээр суулгадаггүй зовоодог л байлаа. Бүүр томчууд гээч! гэж Зулаагийн нүдэнд аальгүй шинж манасхийснээ Дэрэмийг хараад дорхноо бөхөв. Тэрбээр хөнгөн санаа алдаад хоймрын хавтастай толь руу харж, үс гэзгээ янзлангаа,

 - Амьдрал сонин шүү хө, Чи одоо ч гоё л байна шүү дээ.

 - Манайд Yзмээ багшаас аваад сайхан хүүхэн зөндөөн шүү дээ. Гэтэл над руу нүд тусч байдаг. Ийм юм ч байдаг л даа. Хүний сэтгэл гэдэг ч нээрэн хачин тиймээ, Дэрэмээ.                                                                         

- Зүс царай яахав дээ. Мисс хүн чинь бие хаагаараа онцгой төрсөн байдаг юм байхаа.  Би ямар мэдэх биш. Залуус л тэгж байна лээ.

 - Yнэндээ бол ч би бие хаагаар бол бусдаас дутахгүй л дээ, аав ээжий минь л өглөг юм даа. Наадам, цагаан сараар чи намайг хардаг биз дээ. Яагаав цэнхэр торгон дээлтэй байхыг?

- Харалгүй яах юм бэ, нүд сугараад уначих шахдаг. Сандаг азтай золиг шүү:

 - Өөр гоёж гоодох үе хөдөөд гарахгүй юм даа. Төв суурин газар бол ч. Тэр эмч залуу үнэхээр соёлтой царайлаг юм билээ гээд Зулаа гундасхийж яваа хацартаа Зостын шавар шиг энгэсэг халтар хултар түрхээд энгэр рүүгээ баахныг пургиулахыг хараад Дэрэмийн хөх инээд хүрч, "нөгөө муу эмсгий Сандаг арай жорлонд унаагүй байгаа. Бушуухан ороод ирээсэй" гэж бодож суув.

 - Өнөөдөр чинь зантай хүйтрэх нь байнаа, юун хаа байсан тэр холоос мах шөл авчрах гэсээр Сандаг гаднаас орж ирэв.

 - Арай л өнөөх озгой чинь тасраад уначихсангүй юу гэж Дэрэм их юмны ард гарсан хун шиг маадгар нь аргагүй хөхрөв. "Алив та хоёр ширээнд ойртоод сууцгаа. Эрийг басч болдоггүй гэдэг байхаа. Дэрэм бид хоёр ч нэг ангид байсан ухаантай юм шүү дээ. Чи чинь гурав годройтсон байхаа. Хэдүүлээ өглөөнийхөө цайг хамтдаа тухтайхан ууцгаая. Миний өвгөн өнөөдөр заавал мах авчрах гээд яахав дээ. Дараа л болно биз. Дэрэмээ, чи бөссөн хүйтэн адууны маханд хэр билээ? 

 - Ээ, гэгээн минь, энэ шар тос шиг хайлмагтсан өөхтэй тарган харвингаас ч салах юм биш дээ. Жамц давс үрээд идэх ч мөн янзтай шүү. Харин хүчтэйхэн даруулга л хэрэгтэй болдог юм даа.

 - Хүүхнүүд бид чинь яахав дээ, эрчүүд та нарынхаа биеийг бодоод л боож үхчих гээд байдаг юм шүү дээ, Түүнээс биш бага сага уувал хориод сүйд болох зүйл биш л дээ хэн ч ууж болно. Цагаан сараар л хэрэглэе гэж бодсон юм, яахав дээ эрчүүд уулзалдаж байгаа хойно гээд түлхүүрээ шаржигнуулан авдраа уудалж жижигхэн шилтэй цэнхэр өнгөтэй юм гаргаж ирэв. "Урд газрын хүчтэй спирт шүү. Найруулаад ууна биз. Шөнөжингөө толгой өвдөж дотор муухайрч хонолоо. Биеэ үзүүлдэг юм уу даа? Миний эзгүйд та хоёр даварвал!"

 - Манай ерөнхийлөгч чинь яахлаараа хацар нь туяараад, хөл нь хөнгөрөөд эрдэнэсийн хайрцгаа тийм амархан нээчихдэг билээ. Энэ Дэрэм чинь тэгж байгаад хүний хамрын нүхээр орчихмоор элдэвтэй эр шүү. Муу авгайгий минь толгойг эргүүлчихээгүй биз?

 - Арай ч энэ зэргийн Дэрэм шиг эрд толгой минь эргэх хүн биш, би. Пийшиндээ нүүрс чихээд унтчихсан чинь золтой угаартчихсангүй. Толгой өвдөөд. Эмчид үзүүлэхээс.

  - Дотор муухайраад гэдэг чинь нэг үг хэлээд байна даа. Та хоёр маань маамуутай л болох гээд байна даа.

  - Миний өвгөн, биеэ үзүүлээд ирээ. Хүүхэд шуухад ч яамай. Хордлого хэцүү шүү. Манайд ер нь хэзээ эмч, багш тогтож байлаа даа. Гайгүй шоволзсон залуу ирсэн байна лээ. Нээрэн л удахгүй алга болно доо гэж Сандаг хэлээд томхон хоёр мөнгөн аяганд тэнцүү хийсэн спирт дээр цасны ус хийв.

Зулаа хувцсаа солихдоо Дэрэмээс ичих нь бүү хэл, харин ч харвал хараг гэсэн шиг хуучин дээлээ тэрхэн зуур тайлж хаяхад нүцгэн цээж нь ил гарав. Хулгайгаар харсан түүний нүдэнд мөлчийсөн цагаан харьт, булчин тусч хөхний даруулгын холбоосыг тасдах шахан булхалзах мээмээ шинэ даашинзанд далдалж амжив. "Энэ золигийн бие чинь нуугитал элдчихсэн хурганы арьс шиг юм гээч. Хүн дэргэдэхээ мэддэггүй, нохой цадахаа мэддэггүй гэдэг үнэн юмаа. Зэгзийсэн сүүтэгнэсэн юм л явдаг юм. Yнэндээ аятайхан биетэй дамшиг байж шүү дээ. Ээ дээ энэ хүүхнүүд үү! Нөгөө эмч залуу ажлаа хаячихаад аймаг руу алга болж өгсөнийг эд мэдээгүй нь яамай. Бушуухан л шараа тайлах юмсан. Энэ Сандагийн хөдөлж байгааг, янцаглаад..." гэж Дэрэм тэсч ядан суулаа. Архины илжирсэн эсгийний үнэр шиг юм гэр дүүрэн ханхийхэд түүний магнай дээгүүр нь хар хөлс цувах нь жигтэйхэн.

 - Чиний нөгөө хэлнэ гээд сүйд болоод байсан сонин хачин юм чинь юу билээ.

  - Сумын клубт шагайн харваатай гэнээ. Баянгийн тойромынхон ирэх гэнэ. Түүнийг хэлэх гэж хар үүрээр ирлээ. Чи бид хоёр чинь нэг баг шүү дээ. Хяргаад өгнө шүү.

- Хаалгаа нээлгүй гурван жил болоод бүх цонх нь яйрчихсан клубыг яаж дулаацуулах юм бол?

- Түүнийг яаж мэддэг юм бэ, Алив наадах чинь одоо найрч дуураад ирээ биз дээ гэж Дэрэм шүлсээ гүд залгилаа. Yнэртэй усны хачин хурц нялуун нь архины үнэртэй холилдох энэ агшинд Зулаа жаахан охин шиг годогнож годогнож байгаад гарахад Дэрэм золтой л түсхийгээд инээд алдсангүй. Дараа нь яаж Зулаагийн царайг харнаа гэж хүний урманд бодсонгүй "Өвгөн, битгий нэг их удаарай" хэмээн Сандаг царайчлан хэлэхэд "Энэ маань намайг зуухныхаа хажууд үргэлж л хормойдож суух санаатай юм шүү дээ. Гарын алган дээрх шиг бүх юм ил энэ суманд хэнийд оров гэж дээ. Хэн гээч хэнийд ороод хэдэн цаг болов гэдгийг манайхан андаггүй шүү дээ. Та хоёр давраваа гэсээр Зулаагийн цагаан сараар өмсдөг хурган дээлийн хормой үүдээр гялсхийн алга болов,

- Ээдээ мөн дотор сайхан онгойлоо. За хө, өнөөдөр Сандагаа хоёулаа сайхан савнаа. Би эхлээд чигээ тогтоочихоё гэж Дэрэм мөнөөх л хаалгаа нээж цээжээ ил гаргах нь өлөн чоно агуйнаасаа алсыг харж ангийн үнэр авах шиг өлөлзөхөд хажууханд нь нэгэн олигор хар залуу бас яг түүн шиг хаалгаар цээжээ цухуйлгаад энэ тэрийг ажиж байлаа. Дэрэм долоовор, дунд хуруугаа нийлүүлээд тэр олигор хар руу дохиход цаадах нь толгой дохин хариу дохив. Энэ нь хамтдаа ганзага нийлье гэсэн дохио болохыг тэр сайн мэднэ. Энэ өдрийн хэрэг сайхан бүтэх нь ээ би ч бас хоосон эр биш шүү дээ гэсэн омгорхол тэр зуур Дэрэмд төрөхөд авгайных нь номой төрх тархинд нь зурсхийв. Намайг хаяад явчихсан гэж бураад байгаа гэл үү? Тэдний толгойд яаж ийм юм ордог байнаа. Дэрэм хүүгийн гарт бурантаг нь байгаа юм шүү дээ. Хөөрхий минь, түүнийхээ нүдийг нь бүлтэлчихгүй юмсан, бусад нь яахав гэж бодов. Их хунгар цасанд боогдон тэхий дундуураа харагдахаа больсон хэдэн шавар байшинтай сумын энэхүү хөөрхөн төвд амьдрал үргэлжилсээр авай.

 

 СГЗ, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч До.Цэнджав

17
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417