Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан аймгуудын баяр наадамд чөлөөт бөхийн тамирчид хэрхэн оролцсон талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Аймгуудаас хамгийн түрүүнд Сэлэнгэ аймаг баяр наадмаа хийсэн бөгөөд 2018 оны залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр найм даван түрүүлж, хурц чимэг нэмэв.
Төв аймгийн Баянцогт сумын харьяат, өсвөр үе, залуучуудын улсын аварга, спортын мастер, аймгийн начин Э.Төгөлдөр Дархан-Уул аймгийн баяр наадамд найм давж, аймгийн арслан цол хүртлээ.
Завхан аймгийн баяр наадамд Яруу сумын харьяат, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, аймгийн заан М.Лхагвагэрэл үзүүрлэж, цолоо баталлаа.