Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо "Номун" эмнэлгийн зүүн талд "Бүрд пропертиз" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалсан зөрчилд уг хашааг татуулж, явган хүний зам талбай хааж зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараж буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр ажиллаж байна. Мөн тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах "Сүлд Уул" ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү талбай хашаалж нийтийн эзэмшлийн зам талбайгаас хорогдуулсан байна.
Уг зөрчлийг арилгахаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албанаас хашааг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их дэлгүүрийн урд талд явган хүний орц гарц хааж төмөр хашаа барьсан зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Тус дүүргийн 8 дугаар хороо Ерөнхий боловсролын II дунд сургуулийн урд талд нийтийн эзэмшлийн талбайд хашаа барьснаас уг хашааны доголд иргэд архидан согтуурах, хоноглох зэргээр иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, сурагчдын аюулгүй зорчих эрхийг зөрчиж байна гэсэн иргэдийн саналын дагуу газар чөлөөлөх ажил хийгдэж байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Орчлон" сургуулийн урд талд "М Си Эс пропертийз холдинг" ХХК нь явган хүний зам эвдэж шугам сүлжээний ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулахаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулах албанаас шаардах хуудас хүргүүлжээ. Шаардлагын дагуу газрыг чөлөөлжээ.