Хүүхдээ, нөхрөө наад захын биеэ авч явах соёлд бага гэлтгүй зааж сургаж, нэг бүрчлэн хэлж өгч байгаарай
Ээжүүдээ нэг л зүйлийг гуйя. Бид энэ улс эх орны ирээдүйн иргэдийг бэлддэг хүмүүс. Хүүхдээ, нөхрөө наад захын биеэ авч явах соёлд бага гэлтгүй зааж сургаж, нэг бүрчлэн хэлж өгч байгаарай. Хогоо хаяхгүй байх, олон нийтийн газар хэрхэн биеэ авч явах, хүнтэй мэндлэх, талархаж сурах, наад зах нь юмаа унагаачихсан ч охид хэрхэн авах (зогсоогоороо тонгойж газраас юм авах, сууж байгаад авах хооронд асар том гоо зүйн ялгаа харагддаг), ариун цэвэр хэрхэн сахих гээд бага гэлтгүй заавал зааж сургаарай.
Сая гадагшаа яваад "Кorean air"-ээр Монголд буусан юм. Үйлчилгээ үнэхээр сайхан байсан. Үйлчлэгч нар нь сэтгэлээсээ үйлчилж, даралт нь ихэссэн эмэгтэйг эмнэлгийн анхны тусламж үзүүлж, тасралтгүй халамжилж байсан.
Яг онгоц буух үед хүмүүс шингэрсэн хойно үргэлж буугаад сурчихсаныг хэлэх үү? Суудлаасаа босоход шалаар нэг хог, хөнжил, дэр .... Яг бөмбөгдчихсөн юм шиг аймшигтай орчин харагдсан. Чадлаараа замдаа хурааж янзлаад, үйлчлэгч нарын инээмсэглэсэн царайгаар үдүүлээд буухад хялайсан ярвайсан Монгол ажилчид угтав хөөрхий.
Угаасаа ийм байдагт дассан л даа. Гэхдээ нэг л сэтгэл сонин болоод л явчихсан. За тэгээд ачаагаа авах гээд хүлээж байхад бөөн бөөнөөр нь шидлээд ачаа нь урсдаг зам дээр давхарлаж гарч ирээд ар араасаа зарим ачаа нь газар унаад байхад өөрсдийн ачааг хүлээж зогссон хүмүүс тоох ч үгүй хараад зогсох.
Тэгээд л түлхэлцээд л үг хаялцаад юундаа ч юм нэг л их яарсан бухимдсан хүмүүс. Ямар ч их ачаа чирдэг юм... Ялангуяа ажлаар явж байгаа хүмүүс ямар хэмжээний ачаатай, хэрхэн биеэ авч явна гэдэг бас соёл шүү. Нас тогтсон хөлс үнэртүүлсэн эрчүүд хараалын үгийг энгийн үг мэт яриан завсраа хавчуулаад бүрэн дасчихаж. Бас л хэцүү харагдах...
Хүнд аливаа зүйлд сэтгэл их чухал байдаг. Бид үр хүүхдээ сэтгэлээсээ юм бүхэнд ханддаг, хүлээцтэй тайван, зөв хүн болгон хүмүүжүүлэх нь л бидний гол үүрэг шүү. Бид хаана ч явсан Монгол гэдэг нэрээр л дуудуулна. Энэ нэрийг эрхэмлэн нандигнаж, биеэ засаж, сэтгэлээ тэвчиж явах нь хамгийн том эх орныхоо өмнө хүлээсэн үүргийн нэг болно. Хичээгээрэй та нар минь...
Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл