Франц, Герман зэвсгийн экспортын чиглэлд хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа
Франц, Герман улсууд хамтарсан хөтөлбөрөөр үйлдвэрлэсэн зэвсгийг экспортлоход гарах саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаар тохиролцоонд хүрчээ. Энэ талаар Францын фирмүүд Германы экспортын хязгаарлалтыг зөөлрүүлэхийг уриалсны дараа Ройтерс мэдэгдэв.
Европын Холбоо эсвэл НАТО-гийн гишүүн бус орнуудад зэвсэг экспортлохыг Германы зүгээс хориглож байгаа нь олон жилийн турш хоёр талын хамтын ажиллагаанд саад учруулж байсан бөгөөд Герман улсын эрх баригч эвслийн нэг хэсэг болох "SPD" нам энэ худалдаанд онцгойлон анхаарч байна.
"Nexter", "Arquus" зэрэг Францын компаниуд дээрх хязгаарлалт худалдаанд саад болж байгаа тул Германд эд ангийг нь үйлдвэрлэсэн зэвсгүүдийг Германы оролцоогүйгээр экспортолдог болгохыг эрх баригчдаас хүсэж байв.
Францын Санхүү, эдийн засгийн сайд Бруно Ле Майер Германы төлөөлөгчидтэй хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Зэвсгийн экспортод гарах асуудлаар Германы найз нартайгаа нарийн яриа хэлэлцээ хийлээ. Бид тохиролцоонд хүрсэн." гэж хэлжээ.
Францын Сангийн яамны ажилтан "Уг ажилтай холбоотой хэлэлцээр хийгдсэн бөгөөд ирэх долоо хоногт гарын үсэг зурах төлөвтэй байна". гэсэн юм.
Францын дипломат эх сурвалжууд Парис, Берлиний хамтдаа хөгжүүлсэн байлдааны онгоцны шинэ систем, шинэ танк бүтээх төлөвлөгөө Германы бодлогод өөрчлөлт ороогүй тохиолдолд хэвээр үргэлжилнэ гэж мэдэгджээ.