Олон улсын жүдо бөхийн холбоо Иран улсын цаашид тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлжээ
Саяхан болж өнгөрсөн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны эрх баригчид нутгийн бөх Саид Моллайг медалийн төлөө Израилийн бөхтэй барилдахыг нь хориглож, албаар ялагдахыг тушаажээ. Тэгвэл үүнээс болж лхагва гарагт Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) Ираныг цаашид жүдо бөхийн тэмцээнд тамирчнаа оролцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн юм.
Тодруулбал, өнгөрсөн сард Токио хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ барилдаанд Моллай нь Израилийн бөх Саги Мукитай барилдахгүйн тулд өмнөх даваанд ялагдсаныхаа дараа "IJF"-ийн дэмжлэгтэйгээр Герман руу уг асуудлыг шийдэхээр очсон аж.
Иран 3-р сарын 15-нд IJF-т илгээсэн захидалдаа "Олимпын дүрэм, бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг бүхэлд нь хүндэтгэнэ" гэж бичсэн байсан бол 5-р сарын 8-нд илгээсэн захидалдаа "Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь Олимпын дүрэм, IJF-ийн дүрмийг бүрэн дагаж мөрдөх болно" гэдгээ дахин илэрхийлсэн байна.
Гэвч Ираны бөх Моллай нь Израилийн бөхтэй битгий барилд гэсэн тушаал авсан нь тодорхой болсон тул IJF Ираныг ирээдүйд бүх тэмцээнээс түдгэлзүүлж байгаагаа мэдэгдэв.
Жүдо бөхийн ертөнцөд Иран анх удаа ийм үйлдэл гаргаагүй аж. Учир нь IJF-ийн захидалд "2004 оны олимпын үеэр Ираны жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч ноён Араш Миресмаейли эрх баригчдын даалгаврын дагуу тамирчдаа Израилийн тамирчидтай өрсөлдөхөөс татгалзуулж байсан. Улмаар дахин 2019 оны Парисын Их Дуулга үеэр мөн ижил нөхцөл байдал үүссэн." гэж дурдсан байсан юм.