Ирэх сард явагдах хөл бөмбөгийн ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтуудаас эхлэн Иран эмэгтэйчүүд хөл бөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болж байгааг ФИФА мэдээлэв.
ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино энэ сарын эхээр эмэгтэй шүтэн бишрэгч нас барсны дараа Ираны эрх баригчидтай уг асуудлыг хэлэлцсэн гэж хэлжээ. Тэрбээр хэлэлцээрийн үр дүнд иран эмэгтэйчүүд тэмцээн үзэх эрхтэй болсон гэдгийг мэдэгдсэн юм.
1979 оны Исламын хувьсгалын дараахан эмэгтэйчүүдийг эрчүүдийн тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнд орохыг хориглож байсан. Харин энэ сарын эхээр хөл бөмбөгийн шүтэн бишрэгч Сахар Ходаяри гэх эмэгтэй эр хүний дүрд хувирч тэмцээн үзэх гэснийхээ төлөө баривчлагдсаныхаа дараа эсэргүүцлээ илэрхийлж, өөрийн амийг егүүтгэсэн юм. Улмаар бүсгүйн үхэл Иранд төдийгүй гадаадад шуугиан тарьж, олон шүүмжлэлийг дагуулсан билээ.
Дэлхий даяар хөл бөмбөгийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчид Ходаяарид хүндэтгэл үзүүлсэн ба Европын зарим эмэгтэй багуудын хөл бөмбөгчид тоглолтын үеэр түүний дурсгалд зориулан цэнхэр өнгийн тууз зүүсэн байна.
Инфантино "Бид эмэгтэйчүүдийг оруулах хэрэгтэй" гэж эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн талаарх Фифа бага хуралд хэлэв. Тэрбээр "Ираны дараагийн олон улсын тоглолтод эмэгтэйчүүдийг хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд орохыг зөвшөөрнө. Энэ бол маш чухал зүйл." гэж нэмж дурджээ.