Билл Гейтс баячуудаас авдаг татварын хэмжээг нэмэгдүүлэхийг уриаллаа
Өнгөрсөн онд дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын 2-т бичигдсэн, Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтс "Над шиг баян чинээлэг хүмүүсээс авах татварын хэмжээг өсгөх хэрэгтэй. Энэ бол ямар ч улс орны хувьд урт хугацааны хөрөнгө оруулалт байх болно" хэмээн өөрийн блогтоо бичжээ. Түүний хөрөнгийн хэмжээ 108.2 тэрбум доллар бөгөөд Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безосын дараа бичигдсэн юм.
Тэрбээр өөрийн "Gatesnotes" блогтоо "Сайн дурын, буяны ажиллагаанд мөнгө хандивлах нь хангалтгүй, баячуудаас илүү өндөр татвар авах хэрэгтэй. Дэлхийн томоохон баячууд их хэмжээний мөнгийг удаан хугацааны хөрөнгө оруулалтад зарцуулсан байдаг бөгөөд тухайн хөрөнгө оруулсан зүйл нь ашиглалтад орохгүй, зарагдахгүй удах тусам тэрхүү хөрөнгөөс татвар авах боломжгүй болдог. Энэ бол утгагүй хэрэг" гэжээ.
Тиймээс татварыг зөвхөн цэвэр орлогоор бус хөрөнгө оруулалтын орлогыг ч багтааж, дундчилж гаргах ёстой. Үүнд ялангуяа удаан хугацаагаар /10 болон түүнээс дээш жил/ хадгалагдаж байгаа томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын нөөцийг хамруулах хэрэгтэйг тэрээр онцоллоо.