Буддагийн сургаал өөрчлөгдсөөр Монголд мухар сүсэг болсон...

Буддагийн сургаал өөрчлөгдсөөр Монголд мухар сүсэг болсон...

Будда, түүний номлол, бурханы шашин

Будда хэн байсан, түүний номлол, сургаал юу болох талаарх асуудлыг Бурханы шашин үүссэн, бусад олон оронд дэлгэрсэн түүхүүдээс ялгаж үзэх нь зүйтэй байна.

Будда хэн байгаад хэрхэн аугаа их сэтгэгч болсон, юуны учир түүний сургаал, номлол 2500 гаруй жилийн туршид нөлөө, ач холбогдлоо хадгалсаар, хүрээ хязгаараа тэлсээр ирснийг шинжлэх ухаанч байр сууринаас тодруулах, үнэлэх, нийтэд нээн харуулах нь буддизмыг судалдаг эрдэмтдэд тавигдах ёстой хамгийн чухал шаардлага юм.

2000 гаруй жилийн туршид олон оронд дэлгэрч, элдвээр өөрчлөгдсөөр улам бүр шашинжсаар, Төвд, Монгол мэтийн оронд бол эцэс сүүлдээ мухар сүсэг, хуурамч зан үйл, мунхруулга, бүр бизнесийн шинжийг олсон нь түүхэн бие хүн болох Буддад өөрт нь ямар ч холбогдолгүй билээ.Түүний сургаал, номлолыг шашны ашиг сонирхлын үүднээс, улстөрийн ашиг сонирхлын үүднээс танигдамгүй болтол нь өөрчилсөн тохиолдол ч цөөнгүй. Өөрөөр хэлбэл бурханы шашин, суртал нь Буддагаас хойш, түүний оролцоогүйгээр үүсэн хэлбэржиж олон оронд тархах хэрээр улам бүр шашинжиж, эцэс сүүлдээ бүр мухар сүсэг, худал хуурмагтай хил нийлж, шинжлэх ухаанч шинж, хүн судлалын шинж, хүний оюун ухаан, сэтгэхүйн нууцыг илрүүлэх, ашиглах, бие ба сэтгэхүйн холбоо, харилцаанд сэтгэхүйн тал нь давамгаалах, удирдах чигт дасгалжуулах (иог гэх мэтээр) практик зорилгоо ч бүүдгэрүүлжээ. Ид шид, тарни шившлэг, увидас, хойд дүрээр тодрох, амьд бурханаар өргөмжлөгдөх, далдыг мэдэх, хувь тавиланг заах, буян заяаг бэлэглэх гэх мэтийн худал хуурмагт автаж, түгшүүр айдас төрүүлэх зан үйлүүдийг хайж, улмаар өргөл, барьцанд шунасаар эцэс сүүлдээ нэгэн төрөл бизнес болж хувирсанд нь Будда буруутай биш билээ.

Сургаал номлолын нь зөв зүйтэй, шинжлэх ухаанч хэрэглээ эцэс сүүлдээ мухар сүсэг төрүүлэх, мунхруулах хэрэгт ашиглагдах болно гэж Будца зүүдлээ ч үгүй бизээ. Нийгмийн ухамсрын хоцрогдол, үзэл суртал-улс төрийн хуурамчлал, анги бүлгийн сонирхлын гажуудал, танин мэдэхүйн үйл явдлын дутагдал, согог нь зөвийг буруугаар ашиглахад хүргэж байсан тохиолдол тун ч олон ажээ.

Буддаг бурхан болгож, номлол сургаалыг нь ид шидтэй хутгаж, тарни шившлэг, сахиус болгон худалдаж, Бурхан багшийн болон бусад бурхадын гэгдэх олон дүрийг элдвээр зохиомжлон алт, мөнгө, шавар, мод, зэс гуулиар бүтээж таваар болгон борлуулж, бас аравнайлан шүтүүлж сор залах мэтийн хуурамч зан үйл хийх зэргээр мухар сүсэгт олон түмнийг автуулсны хор уршгийг эдүгээ дэлхий нийтээр таньж мэдээд буруушаах болоод байна.

Будда түүхэн бие хүн, их сэтгэгч, энэрэнгүй үйлстэн, соён гэгээрүүлэгч, хүний оюун ухаан, сэтгэхүйн чадамжийг танин мэдэх, ашиглахын төлөө бие, сэтгэлээрээ туршин шинжлэгч, авьяаслаг судлаач хүн байжээ. Тэрээр таньж мэдсэн бүхнээ шавь нартаа 50 орчим жил зааж сургасан багш, 80 насыг зооглосон хэдий ч өвчин тахалд нэрвэгдсэн хүн ардад тус хүргэхээр яваад замдаа нас эцэслэсэн зориг хатуужил бүхий нэгэн байлаа. Халуун дулаан, чийглэг уур амьсгалтай хойд нутгийн нөхцөлд насан өндөр болсон Будда зам зууртаа муудаж гэмтсэн хүнсний зүйлд хордож нас барсан гэдэг нь үнэн бололтой.

Будда МЭӨ 563 онд төрөөд МЭӨ 483 онд нас барсан байж болох юм. Гэвч энэ бол яг таг батлагдсан баримт биш болно. Түүний хааны хүү байсан, эхнэр хүүхэдтэй байсан талаарх мэдээ ч гэсэн эргэлзээтэй. Гэхдээ Будда тэр цагийн Энэтхэг дэх хүн амын дөрвөн давхрааны дээд хэсэгт хамаарагдах гэр бүлээс гарвалтай нь үнэн байх. Учир нь хүмүүсийг дээд, дунд, доод гэсэн бүлгүүдэд хувааж “сортолдог” уламжлалтай Эртний Энэтхэгийн нийгэмд доод (харц, боол) гарвалтай хүний үг, сургаал үнэлэгдэх, шүтэгдэх нь эргэлзээтэй юм. Чухам үүний учир Буддагийн гарал, үүслийг дээшлүүлж, дээдэлж үзүүлэх нь чухал байсан бизээ. Жишээ нь Манжийн хааныг Монголчуудад шүтүүлэх гэхдээ түүнийг Манзушир бурханы хувилгаан хэмээн сурталчилж байсантай агаар нэг Азийнхны арга бололтой.

Буддагийн талаарх судруудад өгүүлэгддэг мэдээллүүд нь ихэвчлэн олон зуун жилийн дараа түүний үзэл санааг залгамжлагчдаас гол төлөв магтаж, гоёчилж, хөөрөгдөж, дээдэлж бичсэн, дурссан зүйлүүд байх тул итгэхэд хэцүү ажээ. Харин түүний сургаал, номлолд хүч далайц өгч, бусад оронд элдэв аргаар анхлан тарааж дэлгэрүүлсэн, Энэтхэг даяар сурталчилж, мөрдүүлж байсан том төлөөлөгч бол Ашока хаан бололтой.

Энэтхэгчүүд анхны эзэнт гүрнийг үндэслэгч Ашока хааны (МЭӨ 265-232) үед хамгийн том газар нутагтай болж эдийн хийгээд оюуны соёл ихэд хөгжиж шашны суртлын нөлөө мөн хүчээ авчээ. Энэ үеийн Энэтхэгийн нийгэмд Эллины соёл, Персийн төрийн байгууллын нөлөө, ер МЭӨ II-III зууны үеийн Европын болон Азийн урлаг шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын ололтууд тусгалаа олж, биежжээ. Ашокын эзэнт гүрний зонхилох шашин нь буддизм байлаа. Ашока хаан буддизмыг аль болохоор өргөн дэлгэрүүлэхийг хичээж ойр зэргэлдээ орших бүх улс оронд номлоочдыг илгээх болжээ. Буддизмын энэ үеийн их дэлгэрэлт Ойрх Дорнотоор дамжин Хүннүчүүдэд мөн хүрчээ. Хүннүгийн ихэс дээдэс, язгууртнууд Буддагийн үзэл санаа, сургаалтай чухамхүү энэ үед анх танилцсан байна.

Ашокын үед үндэс, суурь нь тавигдсан соёл, урлаг, шашны их өрнөл хожуухан Хойд Энэтхэгт байгуулагдсан Гуптагийн эзэнт гүрний үед “сонгодог” гэгдэх хэмжээ, түвшиндээ хүрч цэцэглэн хөгжжээ.Уран барилга, жүжиг, бүжиг, философи, одон орон судлал, математик, анагаах ухаан мөнхүү цаг үед нэгэн оргил дэгдээ хүрсэн байна.

***

Одоогоос 4000-2500 жилийн өмнө тэр үеийн Энэтхэгт хүмүүс өөрсдийгөө, хүн өөрийгөө, мөн тухайн цагт урсгалаар, ахуйн өвөрмөц нөхцлөөр буй болчихоод байсан бүлгийн ялгаа, зөрөөгөө, баян ба ядуу байдлаа, эрдэм номтой ба харанхуй бүдүүлэг байдлаа таних, тайлбарлах, оноосон нэр өгөх, зиндаа тогтоох гэсэн санаархал ихэд газар авчээ. Тэг тэгсээр хүмүүсийг 4 давхраа болгон ангилж, ялгаж, тэр үнэлгээ, ялгааг хүмүүст хүчлэн тулгаж, зүйлчлэн сахиулах болсон байна. Энэ нь цаашид хэлбэржин үргэлжилсээр Кастын гэгдэх бүр ч хатуу, үг дуугүй дагадаг ялгаат байдлыг ч үүджээ. Энэний үлдэгдэл, инерци одоо ч гэсэн орчин үеийн Энэтхэгийн нийгэмд оршсоор байгаа болно.

Өмнө дурдсан эрт цагт Энэтхэгийн тухайн үеийн сэхээтэн давхраанд хамаатуулж болох лам нар даяанчид өөрийнхөө “Би”-г, дотоод сэтгэлээ, оюун санаа, сэтгэхүйн хүчээ таних, хүмүүст зовлон авч ирдэг өвчин, эмгэг, эрэндэг (мэдрэлийн гажиг)-ийг анагаах, хүнээс бусадтайгаа харьцдаг хэрэгслүүд болох бие, сэтгэл, хэлээ хянах, ариусгах асуудлуудад ихэд анхаарах, ижилгүй байр суурь баримтлах, маргалдах, бие ба сэтгэлээрээ туршиж үзэх, даяанчлан суух, бясалгал үйлдэх, иогийн дасгалууд хийх нь ихэд элбэгшжээ. Амьтнаас уламжлан авсан, үлдсэн байж болох “доод, төрөлх, муу чанаруудаа бие, сэтгэлээс хөөх”, оюун ухаан сэтэхүйнхээ хүч, чадамжаар бурхадтай холбогдох, нүгэл үйлдүүлдэг бүхнээс чөлөөлөгдөж бурханлаг төлөвт шилжих санаархал, оролдлого дурдсан үеийн нийгмийн ухамсрын онцлог ч гэхээр, “өвчин” ч гэхээр болчихоод байжээ. Нийгмийн ийм өвөрмөц байдал, нөхцлийн нэгэн бүтээгдэхүүн болж Буддагийн сургаал, номлолууд анх боловсрогджээ.

Хүмүүсийн ухамсар дахь төрөлх муу чанарууд бол араатных, адгуусных лугаа адил. Тиймээс тэдгээрийг гээх, даван туулах ёстой. Тэгэж байж л бурхад мэт хүмүүс болно, төгс хүмүүс болно. Хүн ховдгоосоо болж л өлсдөг, аймхайгаасаа болж л урвадаг, эмзэглэдгээсээ болж зовиурладаг, шуналтайгаасаа болж хулгай, дээрэм хийдэг, ууртайгаасаа болж үг, хэлээр бусдыг доромжилдог, муу санаатайгаасаа болж л хар санадаг, тачаангуйгаасаа болж эмсийг хүчирхийлдэг, тансаглалд автагдаж л амттанд хөтлөгддөг, сайхан үнэрт дөрлөгддөг, гоё ганганд татагддаг, нэрэлхүүгээсээ болж үнэн байдлаа нуудаг, худал хэлдэг ихэрхдэг, томордог, нэр алдарт дурлаж л цол хэргэм хүсэмжилдэг гэхчилэн амьтанлаг, төрөлх, муу төгс бус шинжүүддээ хөтлөгдөн өөрийгөө ч бас өрөөлийг ч зовоодог, хүн алж, дайн самууныг үүддэг, гай хөнөөл тарьдаг гэсэн үзэл санаа буй болж, элдвээр хөгжиж, бүр ноёрхох үзэл баримтлал болоод байв. Үүний зэрэгцээ, мөн шууд үр дагавар нь болж нөлөөлөгдсөөр анагаах ухаан нилээд хурдан хөгжиж “Анагаахын дөрвөн үндэс” хэмээх ном, сургаал ч бас боловсрогдож, бичигджээ.

Буддаг нас барснаас хойш 300-400 жилийн дараа л түүний сургаал, номлолыг бичиж олшруулжээ. Буддагийн яг өөрийнх нь талаарх баримтуудыг агуулсан хамгийн эртний хоёр судар (Суттапитака, Виняпитака) буй. Тэдгээрт Буддагийн яг хэлсэн үгс бичгийн хэлээр анх тэмдэглэгдсэн байж болох ажээ.

Буддагийн найз нөхөд нь тэр цагийн хэрмэл философичид байжээ. Түүний номлол, сургаал алдарших үед Буддаг тойрсон шавь нар, дагалдагчдын томоохон бүлэг үүсчээ. Тэдний дунд тэр үеийн нэрд гарсан оточ нар мөн байлцжээ. Аажимдаа хэрмэл философичид, даяанчид, оточ нар, тэдгээрийн шавь нарын тоо ба нөлөө, нэр төр ихэд өсөж бүр тэр цагийн нийгэмдээ нэгэн давхраа болон бэхэжжээ. Чухамхүү энэ давхраа Дорнын, Энэтхэгийн олон талтай, олон салбартай их соёлын өвийг бүтээлцэж хөгжүүлсөн байдаг. Ингэхлээр Будда бол эртний Энэтхэгийн соёл, шинжлэх ухааны суурийг тавилцаж бас хөгжүүлсэн аугаа сэтгэгч мөн болно. Буддагийн үлдээсэн их өв уламжлалыг тухайн тэр үеийн мэдлэг, ухааны нандин сан хөмрөг болох тухайд нь эдүгээчлэн шинээр нээх, нийтэд сурталчлах ажил хангалтгүй байгаа нь харамсал төрүүлэх асуудал, үгүйлэгдэх үйл хэрэг болоод байна. Ер нь шашны үзэл баримтлал дахь чухал санаа, оноог шинжлэх ухааны аргаар нэг бүрчлэн шалгах, нягтлах нь илүүц зүйл ер биш юм. Шашин нэг бүрийн олон мянган дамжин боловсрогдсоор ирсэн анхаарал татахуйц үзэл, санаа нэг бүрийг шалгаж нягталснаар бид сүсэгтэн олонд тус хүргэж аль нэгэн хэмжээ, тунгаар тэдний оюун санааг мухар сохроор шүтэн бишрэх зуршлаас чөлөөлөх болно.

****

Одоо ер шашны тухай тэр дундаас бурханы шашны талаар цөөн зүйл өгүүлье. Айх, гайхах, сүсэглэх, бишрэх сэрэл мэдрэмж хүмүүсийн хувьд төрөлх гэхээр шинж юм. Ингэхлээр бүр анхнаасаа л шүтэх, бишрэх суурь дэвсгэр байжээ. Энэ суурь, дэвсгэр үндсэн хоёр шалтгааны улмаас цааш цаашдаа хатгайрч, бас гүнзгийрсээр байгаад бөө мөргөл, түүний элдэв хэлбэр болон шашин, түүний үндсэн хийгээд салбар урсгалуудыг буй болгож бүр хэлбэржүүлж орхижээ. Том шашин бүр өөрийн гэсэн захиргаа, бүрдэл хэсгүүдтэй, багш нар, шавь бэлдэх сургуулиудтай, дотоод дүрэм, горимтой, хөрөнгө санхүүтэй болсон байна.

Хувь хүний хувьд ер бусын, дийлдэшгүй гамшгууд байгалиас ч нүүрэлдэг, нийгмээс ч нүүрэлдэг нь түгээмэл үзэгдэл билээ. Гал түймэр, аянга цахилгаан, хүчтэй салхи шуурга, далайн давалгаа, үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэтийн байгалийн хүчнүүдийн учир, шалтгааныг эртний хүмүүс таньж мэдээгүй, дээр нь дайн байлдаан, өвчин тахал нэмэгдэхлээр хувь хүмүүс бүр ч арчаагүй байдалд орж мөргөж, залбирч, тахилга үйлдэж, ид шид увидастай гэгддэг хүмүүст өргөл, барьц өгөн өршөөл, ивээл хүсдэг байв. Иймэрдүү эрэлт, хэрэгцээ нь бөө удганыг, ламыг төрүүлэн гаргажээ. Тэд ч аажмаар бүр мэргэжиж, үг хэлээрээ, үйл хөдлөлөөр тодорхой зан үйлийг хийж итгэл, бишрэлийг олж бэхэжжээ.

Танин мэдэхүйн шалгаантай буй болсон бөө удган, лам нарын нэр нөлөөг төдий л удалгүй омгийн тэргүүн нар, язгууртнууд, хожуу төр улс буй болсноор хаадууд ашиглах болжээ. Ингэж танин мэдэхүйн болон нийгмийн үндэс, шалтгаантайгаар шашин суртал, сүм хийдүүд, санваартны давхраа үүссэн түүхтэй.

Зарим шашин байгалийн үзэгдэл бүхнийг эзэн, ивээгч бурхадтай болгож хүмүүст итгүүлжээ. Галын бурхан, далайн бурхан, дайны бурхан гэхчилэн олон бурхадтай ч болов. Төдий л удалгүй гол том шашинууд өрсөлдөх, тэмцэх болов. Шашин суртлын үндсэн дээр дайн, мөргөлдөөн ч гарлаа. Гол том шашинууд нөлөөний хүрээгээ булаацалдах болов. Чингэж нийгэмд, хүн төрөлхтөнд нэгэн шинэ аюул нэмэгджээ. Энэ аюул яван газар авч бүр нэгэн том шашны жижиг урсгалууд хүртэл хоорондоо эвдрэлцэж эцэс сүүлдээ аллага, хядлага, дайнаар асуудлаа шийдэх болжээ.

Шашин суртлуудын буй болгосон өөр нэг сөрөг үр дагавар бол мухар сүсгийг хаа сайгүй хөөрөгдөн дэврээсэн явдал юм. Бурхад гэх байхгүй зүйлд итгэх, чөтгөр шулам гэх байхгүй зүйлээс эмээх, тарни шившлэг мэтэд найдсаар өвчнөө хүндрүүлэх, дайсны сүр хүчийг мохоох ном уншуулсаар цаг алдаж хохирох, нас барагсдын хойноос ерөөл, даллага авахуулсаар хөрөнгө, мөнгөөр хохирох, жилийн засал хийлгэх нэрийдлээр үргүй зардал, чирэгдэл болох гэх мэтээр тоочоод үл дуусах хуурамчлал, залилан, мунхруулга буй билээ.

Олон шашин хоорондын өрсөлдөөн нь шашны зальхайтай, булхайтай шинжийг их өдөөсөн гэж үздэг. Тэр нь ч үнэний хувьтай. Уг нь аль үнэмшилтэй нь, үнэний хувьтай, практик дээр үнэн, мөнөө нотолсон нь шалгаран үлдэх ёстой байтал шашнуудын хувьд нотлох, батлах аргагүй зүйлүүдийг голчлон үзэл баримтлалдаа тусгаж чадсан нь л нэр, нөлөөгөө өсгөсөөр ирсэн гажуудал ажиглагддаг.

Буддагийн өөрийн нь сургаал, номлол анх эхлэлээсээ аваад л жаргал зовлон, буян нүгэл, хүлцэх тэвчих чадавхи, тэтгэх нигүүлсэх сэтгэл, аврах өршөөх, ойлгох уучлахын гоо сайхан, шүтэн барилдлагын зохис гэх мэтээр хүний дотоод сэтгэлийн нарийн нандин бүхэнтэй холбоотой, хүн судлалын шинжтэй болохын учир хуучрах, орхигдохын тавилангүй байжээ. Чухам тиймийн учир 2000 гаруй жилийн туршид өөр өөр олон хэл, соёлтой улсуудруу 4 зүг, 8 зовхист дэлгэрэн тархжээ.

Хүнийг, ерийн хүмүүсийг бараг л “Бурхан” болтол нь гэгээрүүлэх, муу зуршил, сэтгэл бүхнээсээ салж ангижрах, ухаалаг тайвшралыг олох, чухам тийм зам, мөррүү хөтлөх зорилго бүхий мэдлэг, эрдмээс хэн татгалзах билээ.

 

Төвд ба Монголд тархсан хувилбараар бол төгс гэгээрлийг олсон лам нар нисэх, хана нэвт гарах, харц болон бодлоороо амьгүй зүйлсийг ч хөдөлгөх (жишээ нь хаалга хаах, цонх онгойлох), араатан, адгуус амьтадтай ч ойлголцох, махан биеэ ч мөнхлөн үлдээх чадавхийг олдог гэгдэж байв.

Бурханы сургаал, ном эрдэм, гэгээрэх зам мөрийг эцэслэн шувтлан туулаад төгсгөлийн үр дүнг үзэх гэсэн лам нар гол төлөв 80, 90 хүрээд хорвоогийн мөнх бусыг үзэж байсан болохоор “яг хэрэг дээрээ, олон гэрчийн нүдэн дээр төгс гэгээрсний илрэл болох ид шид, увидсыг Төвд болон Монголд хэн ч олоогүй” юм. Зарим нэгэн яриа, цуурхал байдаг хэдий ч “яг нотолгоо нь болох амьд гэрчүүд олддоггүй” ажээ. 100-120 наслах лам хувраг байлаа ч “төгс гэгээрэл” бол тэдний хувьд ч гэсэн хоосон мөрөөдөл хэвээрээ л үлдэх бизээ. Төгс гэгээрлийг олоход хамгийн сүүлд юунд суралцах, ямар судар номыг унших, тэр нь юу гэж нэртэй ном судар байх талаар мэдээлэл бас алга байна. “Багшаас шавьд зөвхөн амаар л хүрэх учиртай нууц ном тарни, дасгал, ариусах жор байдаг” гэж сонссон хүмүүс байдаг боловч тэр бүхнийг чухам хэнээс дамжуулан авах ёстойг мэддэг лам байгаагүй бололтой. Байх ч аргагүй юм...

Хүрэх, гарах боломжгүй, хэрэг дээрээ байх ч үгүй тийм өндөр оргилруу мацсаар, ойртон очиж байна гэж итгэсээр хорвоогийн жам дагуу өвгөрөн доройтож нүд аньсаар байсан чин сүжигт лам нар хэдэн мянгаараа байжээ. Тэдний ариун, гэгээн дурсгалыг хүндэтгэн бөхийн ёслоё.

***

Буддагийн сургаал, номлол түүний нас барсны дараагаар амьд ахуйн нь нэр алдарт дөрөөлөн 2000 хол илүү жил хадгалагдаж, хувьсаж, ихэд шашинжсан хэдий ч яг өөр дээрээ тулгуурлан хөгжиж, гүнзгийрэх өргөжих тал нь суларч, зогсонги байдалд орж, амин чухал чиглэлүүд нь хүртэл бараг мартагдахад хүрч байсан цаг үе ч бас байжээ.

Буддагийн сургаал, номлолын зөвхөн гүн ухааны тал, анагаахын тал нь нилээд хурдацтай гүнзгийрч өргөжиж хөгжсөн нь Энэтхэг даяар нэр нь түгсэн цөөн хэдэн сэтгэгчдийн үйл ажиллагаатай холбоотой байв. Жишээ болгож нийтийн тооллын II зууны эхэн үеийн томоохон сэтгэгч, философич Нагаржунаг (Гомбо Лүдүб) дурьдаж болох юм. Тэрээр Буддагийн сургаал, номлолын амин сүнс гэгдэхээр гол чухал санаануудыг үнэн, сайн эзэмшсэний дээр ертөнцийн юмс, үзэгдлийн шилжих, хувьсах шинж, байсан ба байгаагийн эвдрэн хоосрох шинж, оршин буй гэх ба оргүй хоосон гэхүйн хоорондох дундаж, шилжилтийн төлөв байдал, өөрөө хувьсахуйд тулгуурлан “Аливаа хэтийдэл, туйлшрал бол үнэнээс холдуулах, аливаа дундажлал буюу наана ба цаана хоёрын, дээр ба доор хоёрын, асар том ба өчүүхэн хоёрын, байх ба хоосрох хоёрын завсар, давхцал юу болохыг тооцохын ач холбогдолын зохистойг зааж дундад үзлийн онол, сургаалаа” боловсруулжээ. Буддагийн сургаал, номлолд цааш цаашдын гүнзгийрэлтийг авч ирсэн гэх “Бурханы шашны зургаан чимэг” хэмээгдэн дээдлэгдсэн томоохон сэтгэгчдийн (тэдний нэг нь Нагаржуна) бүтээл, замнал Буддагийн үйл хэрэг, үзэл санааг шинжлэх ухаанчаар үргэлжлүүлсэн нь бас үнэн болно.Энд нэгэн зүйлийг сонирхуулж хэлэхэд 1990-1991 онд Монголын буддизмыг судалдаг зарим философич “социализм ба капитализм, чөлөөт зах зээл ба төлөвлөгөөт эдийн засаг, марксист онол, сургаал ба буддист онол, сургаалын дунджид тохирох үзэл, онолоор Монголын нийгмийг цаашид замнуулах нь зохистой “хэмээн байсан нь өөрийгөө либерал ардчилсан үзэлтэн хэмээгч зарим нэгэн хүний нэрлэснээр ”цэвэр солиорол” ч бас биш байсан болно...

Социалист онол, практикаасаа хэрэгтэй гэснийг нь үлдээгээд, дээр нь капитализмаас үр нөлөөтэй бүхнийг нь авч хэрэглээд “Алтан дунджийн замаар” болгоомжтойхон шиг урагшилсансан бол ядаж л хулгай ба луйврын хөнөөлөөс, дүр эсгэсэн ардчиллагчдын хорлолоос хол байж чадах байжээ.

***

Эцэст нь тэмдэглэхэд “Бурханы ном хормойгоосоо эхлээд шатлан, өгсөн хүндэрсээр оройдоо хүрэхдээ тарни шившлэг, ид увидасын учир, ухаанд хүрч төгс гэгээрлийг буй болгодог” гэх боловч тэдгээрт сургах судар, хөтлөх багш тэргүүтэн хаана байгаа нь далд, нууц юм шиг болж эзэнгүйддэг нь төгс гэгээрэлд хүрэх бодь мөрийн зам, гудамж үнэндээ бол мухар болохын нотолгоо юм. Ийм болохыг өөр олон баримт, туршилт, түүх дурьдан нотолж ч бас болох билээ. Худал, хуурмагт ч, гэгээн төөрөгдөлд ч өөрийн гэсэн түүх, намтар байдаг хойно доо...

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417