Оюутны намар- Алтан намар-1

Оюутны намар- Алтан намар-1

Оюутны он жилүүдийн зун, намрын ажил хамгийн сайхан. Өнгөрсөн зууны дал, наяад оны заагаар би МУИС-д таван жил суралцах хугацаандаа нийтдээ 6 удаа хөдөө зун, намрын ажилд явжээ. Нэгдүгээр ангид орсон намар Жаргалантын САА-д, хоёрын зун, намар Сэлэнгийн Орхонтуулд, гурвын зун Дундговийн Сүм хөх бүрдэд, намар нь Борнуурт, дөрвийн зун Дорнодын Сэргэлэн суманд, намар нь Батсүмбэрт явж ургац хураалт, хадлан, малын хашаа хороо барих ажилд явсан байх юм. Бүгд л өөр өөрийн гэсэн жаргалтай сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн. 

 

1981 оны намар тариа ногоо бүр их ургасан байх, оюутнуудаас гадна хотын хэдэн дунд сургуулийн ахлах ангийнхныг хүртэл ургац хураалтад дайчлан ажиллуулсан юм. Тэр хэрээр хот газрын мань мэтэс хөдөөгийн эрүүл цэвэр агаарт, нар салхинд, сүү цагаан идээ, цагийн ориг хоол унданд ороод ирэхээр бие эрүүлжиж, улам чангарч, ёстой л өнөөх хуягласан бодон шиг болоод тэр өвөл, хавартаа ханиад шуухинаа хүрэхгүй болдог юм. Тэгж хөдөө гадаа хөрвийн аргаар амьдарч явахад өөр болно доо. 

Намрын сэрүү орсон цагт хөдөө олон хоногоор явахад түрийтэй гутал, урт дээл хувцас аминд орно. Ялангуяа өглөө, үдшийн сэрүүнд богино гутал, нимгэн хувцас үнэндээ зутраачихна. Анхны жил нь хот маягийн хувцастай явчихаад ёстой хэцүүдсэн. Нүүр гар сайртаж хагараад бөөн юм болно. Пооль буюу төмсний талбайд  өдөржин ажиллаж ирээд нүүр гараа шууд усаар угааж болохгүй. Тэгвэл хорсч өвдөнө, сүүлдээ сайртаж хагарна. Тиймээс шороо тоосыг хуурай алчуураар арчиж байж сая ус хүргэх хэрэгтэй.   

Орхонтуулд хоёр сар хадлан хийхэд бие эхлээд буларч даагдахгүй болоод хэд хоногоос аажмаар арилсаар нэг мэдэхэд хөнгөн шингэн болчихсон. Хадаж боосон боодол өвс хорин таван кг. Эхний хоёр өдөр түүнийг юу ч биш юм шиг өргөөд шидээд байснаа бие буларчихаар газраас хөндийрүүлж ч чадахгүй. Аахилаад л, хөлс цуваад л, нуруу бүсэлхийгээр янгинаж өвдөөд л. Юм юм болно оо. Ёстой үгээ хэлж байгаа юм чинь. Хот газрын хүүхэд бид ямар хар бор ажил хийж, ус зөөж, түлээ хөрөөдөж, хагалж явсан биш. Хөдөөнийхөн өөр. Ёстой усандаа байгаа загас шиг л. 

 

Харин сүүлдээ бие чангарчихсан хойно ёстой ажлын машин болно. Өнөөх боодол өвсийг чинь хоёр залуу урт иштэй сэрээгээр сэвхийтэл өргөөд хоп хийтэл шидэн ачиж байгаа том тэрэгний тэвшин дээр хэдэн үе давхарласан өвсөн нуруун дээр гаргана шүү дээ. Бүтэн машин, чиргүүлтэй нь тэгж ачаад амсхийнэ. Нүцгэн нуруу цээж наранд түлэгдэж хэд хоног хорсгож борлоод эцэстээ арьс нь хуулраад хүрлийсэн хар юм болчихно. Дунд сургуульд байхад цэрэгт явсан ах нар хавар халагдаж ирээд гэртээ байж байхыг нь харахад яг л хүрлээр цутгачихсан юм шиг, булчин шөрмөс нь зангирсан тэвхгэр эрчүүл харагддагсан. Өнөөгийнхөөр бол боди-д явчихсан юм шиг. 

Оюутан болсон анхны намраа Жаргалантад төмс хураалтанд гарлаа. Мянган оюутан нэг дор цугласан оюутны хотхон үнэхээр дуу шуутай. Тал дүүрэн дэлхэн буусан майхан палаткууд, модон нааран байшингууд, газар ухаж тулсан гал тогоо, олон машин тракторыг харахаар эртний их нүүдэл ч санагдах шиг. Эрт цагийн нүүдэлчин малчин монголчууд чухам ингэж л нүүж суун аж төрж явсан байх даа хэмээн хөөрүү бодол сэтгэл эзэмдэнэ. 

Намрын ажил дуусахын өмнөх хэд хоногт ажлаа шуурхайлах гэж, бас цас орж хүйтэрсэн тул түүж шуудайлан талаар нэлийтэл өрсөн хэдэн мянган шуудай төмс хөлдөх гээд байх тул түрүүлж дууссан баг, бригадад ажиллаж байсан тээврийнхэн бөөнөөрөө татагдан ирлээ. Улс орны ургац хураалтын чухал кампанит ажилд хүн бүр гар бие оролцох үүрэгтэй. Тэгэхээр яах аргагүй дайчилгаа мөн. Намрын ургац хураалтыг “Дайчилгаа” гэдэг ч байсан юм. Есөн сарын нэгэнд цугласан оюутнууд “-Дайчилгаанд явах  уу? -Явна аа” л гэж ярилцацгаана. 

Тэгээд өдөр нь талбайд төмс түүсэн эрэгтэй оюутнууд шөнө нь ачицгаав. Машины хурц гэрэл асааж хураалттай хэдэн мянган шуудай төмс, цувж зогссон машинуудын тэвш рүү тусгажээ. Арын хашлагыг нь буулгасан  тэвшнүүд дээр хоёр том биетэй ах гарч, бусад эрчүүл доор нь хоёр хоёроороо эгнэн зогсоод дөхүүлж дамжуулах шуудайтай төмсийг чихдэн дээш шидлэнэ. Дээр байгаа хоёр тосон авч тэвшин дээр тэвхийтэл эгнүүлэн хураана. Багш нар сумын дарга нартай хамт ажил зохион байгуулан тойрч алхацгаана. Бүгд яг машин техник шиг, яг л үйлдвэрийн автомат тоног төхөөрөмж шиг болцгоожээ. Зогсосхийх ч боломжгүй, амсхийх ч чөлөөгүй, юу ч бодож санах юмгүй нэгэн зэрэг, нэгэн жигд хөдөлцгөөнө. 

 

 Шуудайтай төмс хүнд. Ялангуяа тэвшний дор зогссон хоёр бол хэд шидээд л гар цуцна. Эхэндээ гайгүй шидлээд л байна. Хөлс чийхарч хамаг хувцас нэвт норно. Сүүлдээ гар сарвайж эхэлнэ. Атгаж чадахгүй болж, тамир алдагдан гардахиа алдана.

 

Ойр ойрхон гар амрааж нэгнийгээ сэлгэн байраа солино. Тэгсээр зүгээр л робот болжээ. Мөнхөд ингэж л хөдөлсөөр байсан юм шиг, ерөөс мөнхийн хөдөлгүүр ч юм шиг. Зогсох боломжгүй, зогсвол ажил тасалдана. Ургацын ажил тасалдвал улсын ажил алдагдана. Энэ ажил хэзээ дуусах юм бүү мэд. Энэ хэдэн мянган шуудай төмс хэзээ барагдах юм, бүү мэд. Гэнэт хэн нэг нь дуу эхлэв:

Цэрэг хүн гэдэг  Цэнэгтэй буу биш ээ. Цэрэг хүн гэдэг Цэцэн сумны бай биш ээ... “Нээрээ, арай ч дээ! Бид ямар цэрэг юм уу, цэнэгтэй буугаар шагайлган хар ажил хийж байгаа хоригдол юм уу? Амарч болдоггүй юм уу?...” гэсэн бодол төрөвч зогсох ч чадал алга. Өнөөх дууг бусад маань түрэн дуулж эхлэв. Бид бүгдээрээ дуулцгаав. Тэр дуу бас л нэгэн жигд, бас л нэгийг илэрхийлэн шөнийн агаарт цуурайтана. Хүч орох ч шиг, бие хөнгөрөх ч шиг. Сүртэй ч юм шиг, бахадмаар ч юм шиг:  

Цэрэг хүмүүс уг нь Эцгийн алаг үрс билээ Цэрэг хүмүүс ер нь  Эхийн сайхан үрс билээ...

Цэрэг хүний зүрх Цэв хүйтэн чулуу биш, Цэрэг хүний сэтгэл  Цэл хүйтэн тэнгис биш ээ...

Оюутнууд энэ л он жилүүддээ бие биенээсээ дуу их сурдаг юм. Оюутны хотхонд тэгж хөгжилдөж яваад л Монголын бараг бүх дууг сурч байгаа юм чинь. Тийм ээ, тэр үеийн бүх дууг сурсан гэхэд огтхон ч хэтрүүлсэн болохгүй. Ялангуяа ардын дуунуудыг. Тэр байтугай “Сэндэр охин”, “Аргагүй амраг”, “Ванлий”, “Эрүү цагаан болжмор”, “Юндэн гөөгөө” гээд ардын харилцаа дуунуудыг сураад эрэгтэй эмэгтэй дүрээр нь хуваан хоёр тал болж майхны хоёр хаяанаас дуулалдана. Итгэхгүй байна уу? Үнэн тийм л байсан юм даа.  

 

“Юндэн гөөгөө” гэснээс энэ дуунд гардаг Юндэнг монголчууд сайхан эр хүн гэж эндүүрсээр ирсэн. Өнөө ч тийм л байна. Гэтэл энэ дууны Юндэн бол сайхан бүсгүй, сайхан эмэгтэй юмсанж. Тийм ээ, гөөгөө гэдэг нь бидний андуурсанчлан хятад хэлний ах гэсэн үг биш, харин манж хэлний гэг буюу охин гэсэн үг юмсанж. Дууны үгийг нь ч үзэхэд эмэгтэй хүний тухай нь мэдэгдэнэ:

 

Гунагар гунагар алхаатай яа хөө, Гурваар дарсан гэзэгтэй дээ хөө.

Гунхсан сайхан Юндэн гэгэ Гунигчгүй цэвэрхэн төржээ хөө.

Данагар данагар алхаатай яа хөө, Дал мөрөө давсан гэзэгтэй дээ хөө.

Далай вангийн Юндэн гэгэ Даанчиг цэвэрхэн төржээ хөө...

 

Дуу сурч байж дууны сайхныг мэдэрнэ. Тэр тусмаа дууны шүлгийг, дууны яруу найргийг. Ж.Бадраа гуайн дууны шүлэг бол зүгээр л гайхамшиг. Монгол яруу найраг гэж ямар байдаг нь жинхэнэ утгаараа Бадраа гуайн шүлгүүдэд бий гэхэд болно. Үгийн сонголт, тансаг үг хэллэг, дүр дүрслэлийг нь судалж суралцууштай. Зүгээр нэг сайхан байгаль, гоёхон байгаль, үзэсгэлэн гоо, хайрт минь, хань минь... биш ээ. “Жаргаах зүрхэн” хэмээх сайхан дууны үгийг хар. Нэрнээсээ эхлээд л яруу найраг. 

 

Будан татсан халил байна аа хөө, Бусдын нутгийн хавцгай юу даа хөө.

Ээ, буцсан, харьсан учрал ирнэ ээ хөө, Энэ булгих зүрхээ жаргаана шүү дээ хөө...

Алтран дуртсан наран гийсээр ээ, Ашдын заяат нутаг минь ээ хөө.

Ээ, алсран холдсон уран гоо минь ээ хөө Энэ алаг зүрхний янаг минь дээ хөө...  

Халил, хавцгай, алтран дуртсан, ашдын заяат, алсран холдсон, уран гоо, алаг зүрхний янаг...

 

 

Энэ үгсийг яаж олж сонгож чадна вэ? 

 

Салхи сэнсрэн исгэрч байна аа хөө,  Санаа бодлыг дэнслүүлнэ дээ хөө.

Ээ, санан гансран мөрөөсч сууна аа хөө, Ээ, саран чамдаа тэмүүлнэ дээ хөө.

Хүдэн татсан халил байна аа хөө, Хүний нутгийн хангай юу даа хөө.

Ээ, хүслийг татсан амраг тэр минь ээ хөө, Энэ хүрэн зүрхний уяа юм уу даа хөө.

 

Салхи сэнсрэн исгэрэх, санаа бодлыг дэнслүүлэх, санан гансран мөрөөсөх, саран чамдаа тэмүүлэх, хүдэн татсан халил, хүслийг татсан амраг, хүрэн зүрхний уяа... Энэ бүхнийг мэдэж, сурах юутай их завшаан. Ёстой олдошгүй завшаан бус уу.  Монгол хэл, уран зохиолын мэргэжил эзэмших бидэнд бол ёстой жинхэнэ хичээлээс ялгаа юун. 

 

Бадраа гуайн дууны шүлгүүдийг цааш үргэлжлүүлж болно: 

 

Соёглонхон жороолсон   Согоо чихтэй үүлэн хээр            

Солонгорхон туяарсан    Сонин хээтэй үйтэнхуар 

Гоолиг энүүнд маань Гойдчиг чамин таараа юу даа

Голшиг сайхан гоц хөөрхөний  Гоёхон чимэг юм уу даа... 

 

Үгийг олж сонгоно гэдэг ёстой л далайгаас сувд тана түүн хэлхэх лугаа адил бэрх үйл авай. Бадраа гуайн энэ мэт гайхамшигт дууны яруу найргийн тухай Л.Хүрэлбаатар доктор тултал нь сайхан бичсэн байдаг тул би түүнээс давж бичнэ гэж юу байхав. Өөр жишээ татья. Д.Норовын “Дорнын цагаан саран” гэж сайхан дуу бий:

 

Сарны туяанд цэцэг ургана, Салхины сэвшээнд үлгэр урсана.

Саруул хархан нүдийг чинь санана,  Салалтгүй хамтдаа суугаасай.

Дорнын цагаан саран  Шөнөжин дуулж хононо,

Дотно янаг хүүтэйгээ  Насандаа цэнгэж сууя даа.

Сарнайн дэлбээнд шүүдэр ургана, Цагаан гэгээнд Хэрлэн урсана.

Сайхан бор царайгий чинь бодно, Цаглашгүй мөнхдөө жаргаасай...

 

Энэ сайхан дууны шүлгийг бичсэн Төрийн шагналт зохиолч Д.Норов бид нэг үеийн оюутнууд, миний найз Золоо, Энэрэл хоёрын ангийнх. Монгол хэл, уранзохиолын анги гэсэн үг л дээ. Мэдээж ах оюутан. Анагаахын дунд сургуульд сурч эмч болон хөдөө Алтай нутагтаа ажиллаж байгаад Монгол хэлний ангид орж төгссөн, бас л нутгийн минь ах. Уг нь мань хүн үргэлжилсэн үгийн мастер хүн. Өгүүллэг, туужууд нь мундаг мундаг. Гэхдээ энэ ганц дууны шүлэг нь мань хүнийг мөнхөлж дээ: 

Занданы үнэрт салхи нь сэвшинэ, Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдэлнэ. Зөөлөн ээл зангий чинь хүснэ, Хэмжээлшгүй ихээр хайрлаасай...  Дорнын цагаан саран  Шөнөжин дуулж хононо, Дотно янаг хүүтэйгээ  Насандаа цэнгэж сууя даа...

 

Монгол хэлний ангид бөөн яруу найрагчид байх. Дээд ангид дууны шүлгийн мастер Түмээ ах хэмээх З.Түмэнжаргал, 25 дугаар телевизийн Авирмэд, Ёолк, зэргэлдээ ангид Норов, Ховдын Жарантай, манай ангид Хөвсгөлийн Бат-Эрдэнэ, доод ангид Сумьяа, Байгальсайхан, олон Энхтуяанууд, ... гээд шүлэгч найрагчид өөр хэн хэн ч байсан юм бэ дээ. Түмээгийн “Ангийн хаалгыг зөөлхөн хаалаа, Алдрайхан насаа үлдээлээ, баяртай...” гэдэг дуу оюутны майхнуудын хаа нэгтээгээс цуурайтахыг сонсоход өөрт нь сайхан байдаг байсан биз ээ. 

Бас гадаад оюутан ч цөөнгүй. Орос, япон, болгар, вьетнам оюутнууд тохой зэрэгцэн хичээллэнэ. Хожим тэдний дундаас Монголд суугаа Японы Элчин сайд Шимизү, Болгарын Элчин сайд Антон Петров, дипломат ажилтнууд, монголч эрдэмтэд, нэрт орчуулагч нар төрсөн дөө. Тэр үед гадаадаас Монгол руу зөвхөн Москвагаар дайрч ирнэ. Монгол ганцхан Москватай л агаарын харилцаатай байжээ. Өөр чиглэлээс ирэх боломжгүй. Намар хичээл эхлэхийн өмнөхөн манайд суралцдаг бүх гадаад оюутнууд Москвагаар дайрч ирнэ. 

 

Нэг намар Шереметьевогийн нисэх онгоцны буудал дээр болзсон юм шиг япон, энэтхэг, франц, куба гээд хэдэн орны оюутан таарч наашаа ниссэн гэдэг. Өөр өөр улсынхан мөртлөө бүгд монголоор яриад байхаар нисэх буудлын оросууд, бусад зорчигчид мэл гайхаж байсан гэдэг. Өнөө хэд чинь ирээд энэ тухайгаа бидэнд хэдэн өдөр сонин болгон ярьж, тэгснээ бид ч бас ургац хураалтад явья гэсэн хүсэлт гаргаж, явсан сураг ч дуулдаж байсан... 

Жаргалантад хорин хэдэн хоног ажиллаад буухын алдад хоол хүнсгүй болцгоов. Ер нь буух гэж байна гээд хүнсний хангалтаа авахгүй гэсэн байж л дээ. Гэтэл биднийг хот руу зөөх ёстой унаанууд ирээгүй хонон өнжсөнөөс болсон хэрэг. Ахлах ангийн архаг ах эгч нар том том дуугарцгаагаад, “Ингэж байж чадахгүй! Үхлээ, хатлаа... Бушуухан хот явья!” гэлцэн үглэлдсээр, зарим нь хэдэн км-ийн цаана байх төмөр замын өртөө рүү явж галт тэргэнд сууж хот орьё хэмээн оюутнуудыг уриалж, нэлээд оюутан цувралдан алхаж одсон юм. Багш нар хэлээд үгэнд нь ороогүй бололтой, араас нь харсаар хоцорч билээ

 

Тийнхүү үлдсэн оюутнууд хоёр хоног гэдэс хонхолзон гуниг царайлж, жаахан сортоотой хэд нь майхан хэсч дуулж хуурдан, онигоо ярьж буу халцгаасаар өнгөрөөсөн юм. Харин орой нь цүү хаяж тоглоцгоолоо. Хотын мань мэт нь цүү хаях гэж юу ч юм, ямар ч тоглоом байдгийг нь мэдэхгүй. Баахан асууж лавлацгаав. Харин хөдөөний оюутнууд бүгд мэднэ. “Гоё юм байдгиймаа! Гоё тоглоом...” гэж ирээд л нүд нь гэрэлтэн очтож, эр эмгүй ухасхийн гарцгаав. Тэгэхнээ нь, шөнийн харанхуйд тохой хэрийн урт цагаан мод хаяж, түүнийг олж, нууж тоглодог үнэхээр л хөгжилтэй тоглоом санж. Тэгэхлээр өнөөх алдартай “Юун наадам, юун цагаан сар...” гэдэг хэллэг их эртнийх болоод явчихаж байгаа юм. Ингэж л анх оюутны намар-алтан намрыг бие, сэтгэлээрээ мэдэрч эхэлсэн дээ. 

Дорнодод бас тийм юм болсон. 1979 оны зун Дорнод аймгийн Сэргэлэн суманд  малын хашаа барьж байсан оюутнууд элчилгүй их хээр талд усгүй, хүнсгүй хэд хонож хэцүүдэхдээ тэртээ хойд тэнгэрийн хаяанд цайвалзах айлууд руу алхаж, хүрэхгүй болохоороо замдаа сунайн унаж ээрэн уйлж байсаан. Гэхдээ дандаа өлсөн гэж байхгүй. Хаа нэг өдрийн од шиг л ийм адал явдал өрнөнө. Энэ бүхэн нар салхинд залуучуудыг гаргаж, бие сэтгэлийг нь чангалж чийрэгжүүлдэг нэг ёсны эрүүл мэндийн бодлого ч байсан юм шиг. 

 

Дундговьд Сүм хөх бүрдийн амралтын газарт уурын зуух барих нэрээр нэг сар жаргацгааж билээ. Дөнгөж хорь хүрч яваа бидний байшин барьна гэж юу байхав. Дэмий л газар ухаж, суурь хундаам цутгаж, говийн аараг толгодоос хавтгай хөх чулуу хэлтлэн зөөж авчраад хана өрж босгож байгаад хугацаа дуусч, байшингаа ч дуусгасан юмгүй буцацгааж билээ. Харин эх орныхоо байгалийн сайхныг үзэж мэдрэх сайхан завшаан таардаг юм. Дундговьд Бага газрын чулуу, Их газрын чулуу хэмээх эгээ л саран дээр ийм байдаг бол уу гэмээр өвөрмөц үзэсгэлэнг үзэцгээсэн. Наадмаар хоёр хоног амрахдаа ойрд зэргэлдээ ажиллаж байсан бүх оюутан Бага газрын чулуунд болзож уулзан зугаалцгааж билээ. 

Сүм хөх бүрдийн нутаг байгаль ч сайхан, түүх ч арвин. Бүрдийн нуур хэмээх хулс зэгстэй,  шанагатай ус шиг хөөрхөн жаахан нуурын голд хуурай аралтай. Арал дээр ноён хутагт Равжаагийн бариулсан гэх сүмийн туурьтай. Тэгээд бодохоор бараг хоёр зуун жилийн өмнөх цаг үеийнх байж таарна. Хавтгай хавтгай хүрэн бор чулуудаар өрж босгосон тэр сүм цагтаа монголчуудын оюуны соёл, урлагийн нэгэн том төв байжээ. Их найрагч Равжаа хутагт тэнд саатан морилж “Саран хөхөөний намтар” зэрэг алдарт жүжгүүдээ дэглэн нутгийн ард олонд толилуулдаг байсан гэхээр тэнд үндэсний урлагийн алтан тайз байсан байж таарна аа. 

 

Нуурын усны дундуур зам гарган тавьсан чулуудыг дамжин арал дээр гарч эртний барилгын үлдэгдэл туурийг үзэж, үлдэж хоцросон бурхдын чулуун хөрөг зургийг явахад эгээ л их яруу найрагч Равжаа ноён хутагт хувилгаан дүрээрээ тодрон ирэх шиг, эсвэл “Цогт тайж” кино нүдний өмнүүр жирэлзэн үзэгдэх шиг болдог байлаа. Тэр гайхамшгийг үзээд яаж зүгээр байхав, онгод орох шиг болж бядгүй шүлгийн шад мөрүүд ундран аманд чихэр мэт хүлхэгдэн баясгадаг байсан нь гарцаагүй ээ:

 

Сүм хөх бүрд 

Сүмийн хөх бүрд - Тэнгэрээс унасан сувд.

Бүрдийн хөх сүм - Газраас ургасан чулуу.

Говийн нүцгэн цээжинд  Диваажин цогцлоосон үлгэр.

Ганган байгалийн дундахь Монголын нэгэн гайхамшиг. 

Догшин ноён хутагтын  Додомдож бариулсан сүм.

“Саран хөхөөний намтар”-аа  Дэглэж тоглуулсан тайз.

Чулуу гэмээнэ чулуу ч Хүний гараар боссон хөшөө.

Сүм гэмээнэ сүм ч Хүний гараар бутарсан түүх. 

Нар хөлбөрсөн мандалд нь 

Үдэш үнэгэн сэвшээ сэвэгнэнэ.

Намиат шаргал зэгс нь

Үлгэр шивнэх шиг шандуурна. 

Энэ нутагт төрсөнсөн бол

Хувилгаан дүрд тодормоор.

Элсэн дээр нь хөрвөөсөн бол 

Найргийн онгод оршмоор. 

Дэвэн галавын үед  Далай байсан гэнэм.

Даан удалгүй тэгээд  Тэнгис болсон гэнэм.

Дээдэс Хүннүгийн үед  Нуур байсан гэнэм.

Домогт Чингисийн цагт  Цөөрөм болсон гэнэм. 

Догшин хутагтын үед  Бүрд болсон гэнэм. 

Дэлхийн түүхийг эндээс  Үзэж болохоор гэнэм.

Хорьтойдоо анх ирэхэд минь  Ийм л янзаараа угтсан.

Хожим дөчтэйдөөн очиход минь  Тийм л янзаараа тоссон.

Сүнс минь эргэхийн цагт харин Сүм хөх бүрд ямархан байх бол доо.

 

За, энэ удаа ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийн тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Уншигч танд сонирхолтой бол энэ болон өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.

 

Я.Ганбаатар

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417