Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг жил бүр олгодог уламжлалтай. Энэхүү нэр хүндтэй шагналыг энэ жил МУИС-ийн номын сан, Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт болон “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I” төсөлд тус тус хүртээхээр болж, өнөөдөр шагналыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах аж.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад уг шагналыг олгодгоороо онцлог. Шагналд нэр дэвшүүлэхэд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нь өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг санал болгох эрхтэй байдаг бөгөөд эдгээр байгууллагууд 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлэх ёстой юм байна.