Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг Засгийн газраас шаардаж, МҮЭХ-ноос өнөөдөр орон даяар жагсаал зохион байгууллаа.
“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан төрийн албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийг Засгийн газраас шаардах зорилгоор уг жагсаалыг хийж буй. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “УИХ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийн цалин хөлсийг нэмэхээр тусгасан.
Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрээр энэ асуудлыг эцэслэн тохирсон ч сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс огт нэмэгдээгүй. Өнөөдрийн бидний тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбаруудад ажил хаялт зарлах болно.
Энэ жагсаалын дараа буюу өнөөдөр үдээс хойш Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээр хийх саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг ирүүлсэн. Тиймээс жагсаал үр дүнгээ өгч, Засгийн газар бидний саналыг хүлээн авна гэж найдаж байна. Хэлэлцээрийн үеэр бид нэн тэргүүнд иргэдийн цалин хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэх санал тавих болно” гэлээ.
Өнөөдрийн жагсаалд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар оролцсон бөгөөд “Холбооны гишүүдийнхээ цалинг нэмэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр иргэд өөрийн мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. Чадварлаг боловсон хүчнээ дэмжих, цалин хөлсийг нь нэмэх чиглэлд ажил олгогч эзэд ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.