Хэт халуун ган, хуурайшил зэрэг нь ургац алдахад хүргэж энэ нь эргээд тариаланчид төдийгүй дэлхийн хүнсний нөөцөд аюул учруулсаар байна. Тиймээс НАСА-гийн ажилтнууд, Чикагогийн их сургууль, Потсдамын хүрээлэнгийн ажилтнуудын хамтарсан баг ургац, тариаланг тодорхой бүс нутагт, жилийн аль улиралд тариалах, хураах зэргийг нарийн тодорхойлсноор энэ эрсдэлээс гарах цор ганц арга болно хэмээн мэдэгдээд байна.
Эрдэмтэд тэрхүү гаргасан тооцоололдоо байгаль цаг уурын урт хугацааны өөрчлөлтийг тооцсон төдийгүй жилээс жилд тохиож байгаа өөрчлөлтийг харгалзаж үзсэн байна.
Энэ талаар судалгааны удирдагч Йонас Ягермейер хэлэхдээ “Ургацын богино хугацааны өөрчлөлт нь мэргэжилтнүүдийн хувьд хүнсний зах зээл, үнийн түвшин, хүнсний хадгалалт, худалдаанд чухал нөлөөтэй” гэжээ.
Энэ асуудал дээр эрдэмтдийн олонх нь цаг уурын таагүй нөхцөлтэй тэмцэж ургацын чанарыг сайжруулах ёстой гэж үзэж байгаа бол Ягермейер болон түүний хамтрагч Потсдамын хүрээлэнгийн Катя Фриллер нар үүнийг өөр өнцгөөс нь харж ургацыг хаана, хэзээ тариалж, хэзээ хурааж авахыг нарийн тодорхойлсноор дэлхий дахинд ургац ахиу авах боломж бий болгоно гэж үзжээ.
Харин энэ судалгаанаас үндэслэн эрдэмтэд одоогоор ган, хуурайшлын олон жилийн давтамж, тэдгээрийн үр дагаврыг судлан ирээдүйн эрсдэлийг тооцож эхлээд байна.
Гэвч эрдэмтдийн өмнө тулгарч байгаа нэг том бэрхшээл нь тэдний боловсруулах аргачлал бусдаас дэндүү хараат байгаа явдал гэнэ. Учир нь тэдэнд улс орон бүрт хийсэн өндөр нарийвчлалтай ажиглалт байхгүйгээс загварчлалын тооцоолох хугацааг уртасгах хэрэгтэй болсон байна.