Би нэгэн гоо бүсгүйтэй болзов...
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнд шунан дурладаг эрчүүдийн араншингаар би нэгэн гоо бүсгүйд "дурлав". Зургийг нь харах бүрдээ шүлэнгэтэн санаа алдаж, түүний гоо үзэсгэлэнгийн ѳмнѳ сѳгдѳж, түүнтэй хамт байгаа мѳч бүхнээ дэндүү романтикаар тѳсѳѳлж, сэтгэлийн дотооддоо аз жаргалыг мэдэрч, шунан тачаадаж байв. Аз таарч би түүнтэй болзов. Хамаг сайхнаараа гоёж, түүнтэй уулзахдаа ѳѳрѳѳсѳѳ ч илүү эрхэмсэг бардам бас баян чинээлэг харагдахын тулд хэрдээ хичээлээ. Ѳѳртѳѳ байгаагаасаа илүү харагдах хүсэл, зовлон "тарчлаан" юм билээ. Сэтгэлээсээ гэрэлтэж чадахгүй гоёл, хэт нялуун үнэртэй ус, хоолой боомилох мэт бариу зангиа, хѳлийг минь туших шиг таагүй мэдрэмжтэй ботинк.
Түүний санал болгосон тансаг зэрэглэлийн үнэтэй ресторанд биеэ барьсан би, хиймэл хүүхэлдэй мэт арай ядан алхаж орлоо. Нэг л их соёлтой, нэг л их баян хүний дүрд тоглож байгаа кино мэт хуурамч мэдрэмж... Энэ мэдрэмжээсээ салаад хуучин дүрдээ орохдоо ямархан арчаагүй болохоо би ѳѳрѳѳ ч тѳсѳѳлж амжаагүй. Уруул дээрээ хуурамч инээмсэглэл тодруулсан хэрнээ намайг сонжсон харц нь дэндүү цоргим гоо үзэсгэлэнтэй тэр бүсгүйн ѳмнѳ би догдолсондоо чичирч байв. Бид 2 ѳѳд ѳѳдѳѳсѳѳ харж, зассан ширээнд суулаа. Түүний харц намайг сонжсон хэрнээ, тоомсоргүй байсан нь намайг улам ихээр тэвдэхэд хүргэж байлаа. Хэрдээ догь мэт харагдах гэсэн миний оролдлого дэндүү болхи байсныг би ѳѳрѳѳ ч анзаараагүй боловч, түүний анзаарч буйг ѳѳрийн совингоороо мэдэрч байв.
Ялдамхан, сэтгэл сэргээм аялгуун дунд бид хоол дарсаа захиалж, бага багаар ээнэгшин ярилцаж эхэллээ. Яг юуг оноож ярилцсанаа би санахгүй байна. Гэхдээ мэдээжийн мэдлэг дунд түүний тэнэгтэхийг мэдрэх тусмаа ѳѳдѳѳс минь гэрэлтэх түүний гоо үзэсгэлэн улам улмаар бүдгэрч, түүнд тачаадах миний хүсэл алгуур алгуураар унтарч байсныг би санадаг юм. Мэдлэггүйгээсээ тэнэгтэх түүний ѳѳдѳѳс харан суухдаа "Хнн, хамар нь жаахан мурий юм уу даа", "Нүд нь хараахан сѳлѳр юм шиг" гэж гоочлон, түүнтэй болзсон тэнэг үйлдэлдээ ѳѳрийгѳѳ зүхэж суув. Халамцах хэрээрээ түүний тэнэглэл улам даамжирч, зѳвхѳн мѳнгѳн үнэлэмжийн талаар шахаж эхлэхэд, түүний гоо үзэсгэлэн миний сэтгэлд "хиртэж" орхисон байв. Би зүгээр л энэ суудалд нь түүнийг хүссэн мѳнгѳтэй нь хадаж орхиод хаа нэгтээ алхаж одмоор санагдах. Мэдээж би түүний хүссэн мѳнгийг нь тѳлѳѳд гарч одохдоо, тэнгэрийн заадас дунд яралзах оддыг ажингаа цээж дүүрэн амьсгалж, нэгэнтээ санаа алдангаа гараа кармандаа хийн, шүдэн завсраа исгэрэн гэрийн зүг бардамхан алхаж одов.
ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭДЭГ ТѲРХѲНД БИШ, СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОРШДОГ АЖЭЭ.
Г.Галбадрах