Аяллаас аз жаргал, баяр баясал, бас сэтгэл ханамжийг мэдэрч бай хүмүүс ээ!
Бид аялж явахдаа хэдэн зуун сая жилээр оршин тогтносон байгалийн үзэсгэлэн гоо, сүр хүч, гайхамшигт бүтээцийн дэргэд өөрийн "өчүүхэн" ийг мэдэрдэг. Хүн гэгч боломж гарах бүрийд аялж, өөрийн хэм хэмжээгээ мэдэрч байвал зүгээр л дээ. Ус мэт урсах амьдралын хэмнэлд, уулс мэт нөмөрлөх цаг хугацааны сүүдэрт, одод харвах орчлын хязгааргүй орон зайд хүний богино нас анзаарагдахгүй өнгөрдөг. Өөрийн хүсэл мөрөөдлөө мөнгөний хэмжээгээр хязгаарлаж, өглөөнөөс үдэш хүртэлх нэгэн хэмнэлдээ үүртэж, өчүүхэн хүслийнхээ боол нь болон давчдах мөчүүд эргэж ирэхгүй бас эргэж харахгүй. Өөрийн хэм хэмжээ, сэтгэлгээний цар хүрээгээ мэдрэхгүй, өрөөл бусдын өчүүхэнтэй жишиж бас барьцаж өнгөрүүлэх нь дэндүү харамсалтай, бас гунигтай. Зав боломж олдох бүрийд заавал аялж бай, хүмүүс ээ.
Аялал хүн бүрийн мөн чанарыг нүцгэн үнэнээр нь мэдрүүлдэг. Хэн нэгэнд зовсон санаа зовнил хайр болон дулаацуулахыг, хэн нэгний өмнөөс өөрөө шаналан даарахыг, хэн хэнийхээ төлөө хамтдаа инээж, гуниглахыг аялал мэдрүүлдэг. Халууцсандаа урсах хөлсийг тань халамжлан арчих гарын зөөлнийг, даарч жихүүцсэн бие дээр нь дулаахан хучлага нөмөргөх халамжийг, халтирахад нь тохой тулан дэмнэж тэнцүүлэх түшгийг аялал мэдрүүлдэг. Голын урсах чимээг хамтдаа чагнан суухад санаа алдах чимээ хөг болон нийлж урсахыг, уулсын сүүдэр хүүшлэхэд жаргасан нарны илч атгалцсан гарын атганд итгэл болон шингэхийг, өглөөний шүүдэр дундуур хөл нүцгэн гүйхэд шүүдрийн дуслууд нарны цацрагтай сүлэлдэн аз жаргалын сондор болон гялтганахыг аялал мэдрүүлдэг. Аяллаас аз жаргал, баяр баясал, бас сэтгэл ханамжийг мэдэрч бай хүмүүс ээ.
Байгалийн гайхамшигт тогтоц бүхэн бидний оршихуйг мэдрүүлж байдаг. Байгалийн аугаа сүр хүч бидний эрчмийг сэргээж байдаг. Байгалын үзэсгэлэн гоо бидний хайрыг цэнэглэж байдаг. Сэтгэл доторх элдэв бодлоо авч хаяад зүгээр л аял. Өөрийн болоод бусдын мөн чанар хийгээд амьдралынхаа утга учрыг мэдрэх болно. Бас энэ ертөнцөд хүн болж төрсөн аугаа хувь заяандаа сүслэн талархах болно. Энэ бүхэнтэй харьцуулахад зовлон, шаналал юу юм бэ? Зүгээр л "хумхийн тоос".
Г.Галбадрах