Таны эзгүй 102 хоног...
“Танилц... Миний хүү...Надтай адилхан байгаа биз...” гээд УИХ-ын гишүүдэд хошигноод сууж байсан таныгаа зүүдэллээ. “Нээрээ юм уу?” гэж тодруулан асуух гишүүдэд залуу үеийнхээ гэрэл зургийг үзүүлээд “харахгүй юу...” гээд хоржоонтой даапаална. Одоо бодоход эрхэм хүмүүнтэй танилцсанаас хойш олон дурсамжийг хамтдаа бүтээж дээ. Ан ав, аялал зугаалга, уулзалт семинар бүртээ оролцохыг урьдаг ч зожиг би эвтэйхэн зугтчихдаг байж билээ. “Чи олон нийтийн арга хэмжээнээс үргэлж зугтаах юм... Юунд тэгдэг юм дээ...” гээд ахын ёсоор хэлж байсан нь бодол дагуулна. Миний сонирхол бол Г.Батхүү даргаар 1986-2004 оны хооронд өрнөсөн улстөрийн үйл явдал, дуулиантай болон хэл ам таталсан сэдвүүдийг яриулах л байлаа. Түүхийн амьд гэрч болсон хүн өөрийн нам төдийгүй бусад намд болж байсан үйл явцыг нэмэлт хачиргүй сэтгэлээсээ хүүрнэнэ. Би сонссон анхдагч эх сурвалжаа баталгаажуулж, тухайн өгөгдөлд дүгнэлтээ хийнэ.
- Та яагаад тэр үед намайг сандрааж, хүү минь гээд байв даа?
гэж сүүлд асуухад “Нээрээ тоглоомгүй чи миний залуу үетэй их төстэй харагддаг” гэж билээ. 2016 оны сонгуулийн дүн гарсан шөнө тань руу залгаж уулзсан үеээ тод санаж байна. 23.00 цагийн үед Монголын баг сумдын үндэсний холбооны байрандаа бухимдангуй, гутарсан байдалтай орж ирэв. Ялагдал... 2012 онд Өвөрхангай аймгийн АН-ын дарга нь сонгуулийн санал хураалт явагдахаас хэдхэн хоногийн өмнө өөрийн намын нэр дэвшигчдээ “бэлэн мөнгө, архи тараасан” гэж гүтгэн дуулиан тарьж байсныг дурсана. АН сонгуульд ялалт байгуулах нь тодорхой байх үед ирээдүйд томилогдох албан тушаалыг булаацалдан намын нэг нөхөр нь хорложээ. Эцэстээ МАН-аас нэр дэвшсэн хүмүүс сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдон мань эр парламентын босгыг алхсан ч сэтгэлдээ болон карьертаа том цохилт авчээ. Улстөр бохир тоглолттой хүмүүст амжилт, цэвэр тоглолттой хүмүүст тэсвэр л шаарддаг юм даа гэнэ. Харин 2016 оны сонгуулиар “зөвхөн бодлого ярина” гэж зүтгэсэн Г.Батхүү агсан намынхаа хамт үнэмлэхүй ялагдал амсав. “Мөнгө тараалт”, “хүн тээвэрлэн санал өгүүлэх” г.м хар технологи хавтгай явлаа даа гэж харуусан ярьж байв. Гэхдээ “эв нэгдэлгүй байсныхаа горыг л АН амслаа... Улстөр бол багийн тоглолт... Нэг хүн буруу байхад хамтдаа л хариуцлага хүлээх нь дамжиггүй...” гээд ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцаж билээ. Хоёр долоо хоног өнгөрсний дараа уулзахад Төрийн ордны өрөөнөөсөө боловсон байдлаар хөөгдсөнөө хачирхан ярьж байв. “Өнөөдөр боож янзлаад маргааш машин дуудаад юмаа өгөөд явуулна” гээд байхад л шууд бүх юмыг нь гаргачихсан байсан гэдэг. Арга ч үгүй биз. Өөрсдөө битгий хэл өрсөлдөгч нь ч таамаглаагүй 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан МАНайхан өрөө тасалгаандаа шуурхай суухыг хүссэн биз.
Өөрийнх нь дэмжлэгтэйгээр нам, төрийн албан тушаал, ажилд томилогдсон хүмүүс ялагдсаных нь дараа ярьж, уулзах нь эрс цөөрч нэг хэсэгтээ уравгар явсаныг нь санаж байна. “Хүн гэдэг амьтны үндсэн шинж чанар хүчтэй байх үед биш хүч алдуурсан цагт л танигддаг юм даа...” гээд санааширна. Гэхдээ эргээд л “дарга аа, ах аа” гээд ирэхэд нь хэнийг нь ч гадуурхан түлхээгүй юм даа. “Яагаад?” гэсэн үг үйлдэлд минь “Хүн алддаг, самгарддаг, барддаг үе бий... Бүгдийг битгий буруутга... Тэдэнд хүндэтгэх шалтгаан байсан л байж таарна” гэж хэлдэг байв.
Ах гэж хэлж чаддаггүй дарга гэж хүндэлдэг байсан Г.Батхүү агсан Төрийн ордонд яаралтай ажлаар ороод эргэн гарч ирсэнгүй. Эрхэм хүмүүний хачирхалтай үхэл одоог хүртэл хариултаа олсонгүй. Гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид нь “амиа алдсан” гэдгийг хамгийн сайн мэдэж байна. Харин эрх мэдэлтэн, хэмжээгүй мөнгөтөн, хуулийн байгууллагууд “золгүй явдал” гэж дүгнэхийг хүсч буй бололтой. Олон хүмүүсийн сэтгэл шимшрэн, итгэл алдарч, бухимдал дээд цэгтээ хүрч эхэлсэн. Яасан гачлантай хорвоо, яасан шударга бус нийгэм болчихов доо. Үргэлж эв эе, харилцан ойлголцол, төрийн зөв зүй тогтлын төлөө явж байсан хүний амь “Зориг-2” гэх ээдрээт илэрдэггүй хэрэг болон хувирлаа.
Г.Батхүү агсан төрийн ордонд амиа алдсанаас хойш 102 хоног өнгөрч байна. Ард түмэн чимээгүйхэн мартаж, гэр бүл нь шаналж, харин гэмтэнгүүд улстөрийн хөшиг татан хамгаалалтанд оров. Иргэд 102 дугаарын утсанд залган төрөөс тусламж хүсдэг шиг, ард түмнээсээ 102 хоногийн дараах үр дүнг танилцуулахыг хуулийн байгууллагаас нэхэхийг хүсч уриалмаар санагдав. “2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх аюултай” хэмээн үзэж буй эрх баригчид, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс ичиж байна. 2019.05.17 өдөр Төрийн ордонд бөөндөө архидсан УИХ-ын гишүүдийн нэрсийг зарлалгүй нуун далдалж буйд гутарч байна. Ийм ч төр, ийм ч хуулийн байгууллага, ийм ч намууд байх гэж дээ.
Хэрвээ Г.Батхүү агсан амьд мэнд байсан бол түүнийг даган явж байх өнөө улстөрийн хамтран зүтгэгч нар нь хаачив. Ардчилсан хувьсгалыг хамтдаа хийсэн хэмээн найзархдаг 1990 оны улстөрийн лидерүүд хаачив. Ардчилсан нам, АН-ын удирдлага, үүсгэн байгуулсан Ардчилсан залуучуудын холбоо нь хаачив. Амьд мэнд суугаа аав ээжээс нь ичдэггүй юм гэхэд байгуулсан ардчилал, шударга ёс, хүний эрх нь сүйрч байгаад харамсдаггүй юм байх даа. Өнөөдөр Г.Батхүү агсаны гэр бүл сэтгэл зүйн хүнд байдлаас гараагүй л явна. Өмөг түшиг ахыгаа алдсан дүү нар, ноён нуруу аавыгаа алдсан хань үр хүүхдүүд, чиглүүлэгч удирдагчаа алдсан хамт олон нь цөхөрнө. Гэтэл ээлж дараалсан хачирхалтай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч, энэ хэрэгт нөлөөлөхөөр “далд гар” ажилласаар л байна. Хамгийн түрүүнд уурсан босч ирэх хүчийг бүгд хүлээсээр л суух гэж үү? дээ. Тэвчээрт хязгаар бий санагдана.
Г.Батхүү агсантай уулзаж, ярилцаж, ойр яваагүй хүмүүс ихэвчлэн хэвлэлээр гардаг мэдээллээр дүгнэнэ, үзэн ядна. Гэтэл Монголдоо топ-3 багтах үндэсний групп компаниудынхаа татвар төлөлтийн тайланг хараад баясаад суудаг хүн цөөн байх. Өнгөрсөн жил татвар төлөлтөөр улсад 7-д орж ирэх жил 5-т багтаж чадах уу? гэж асуудаг хүн хэр олон бол. Ажлын байр нэмэгдэхийн хэрээр боловсон хүчин залуужина. “Таньдаг хүн цөөрөх нь... Уулзалт хийх юмсан” гээд л Г.Батхүү агсан яриад суудагсан. “Төрд ч, хувийн хэвшилд ч дарга хийж буй хүмүүст нэг том дутагдал байна. Хамт олон дотроо өрсөлдөгчтэй ажиллах дургүй. Өөртэйгээ адил болон илүү чадвартай хүнийг элдэв арга хэрэглэсээр үлдээхгүй зайлуулчих юм” гээд л сургана. Хамтдаа байхад үргэлж “Би байгууллага удирдаж буй хүнд хүчтэй баг бүрдүүл, битгий өрсөлдөөнөөс ай, чи өөрөө л удаан ажиллана гэдэг бодлоор явбал зэвэрнэ” г.м-ээр гашуун боловч сургамжтай үгсээ хэлсээр л суудаг байв.
Алсын замд хамтдаа явна аа... Он солигдох бүрт энэ л үгсийг бид бие биендээ илгээдэг байлаа даа.
Н.Урантогтох 2019.08.29