Салбарын чинь хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас эрстээд байна. Зам Тээврийн Хөгжлийн Сайд аа!
Дархан-Улаанбаатар хотын хооронд тавигдаж буй 205 км авто замын ажлын өргөтгөл шинэчлэл олон нийтийн бухимдлыг төрүүлсээр 3 сарын хугацаа өнгөрлөө.
Гэхдээ тууз хайчилж бөөн сүр дуулиантай эхэлсэн замын ажил өнөөдөр харин ямар шатандаа яваа нь, хэн хариуцаж ажиллаж байгаа нь тодорхой бус байсаар байна.
Дээр нь хамгийн эмгэнэлтэй асуудал бол тус зам дээр энэ зун 300 гаруй хүний амь нас эрстэж, 100 гаруй хүн ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж үлджээ.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 60 сая долларын зээлээр хоёр эгнээтэй зам тавих шийдвэр гарч байсан боловч дараа нь Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны 60 сая долларын санхүүжилтийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэснээр 4 эгнээ, олон улсын стандартад нийцсэн зам тавихаар болсон. Улмаар засгийн газраас зарласны дагуу Дарханы зам засварын ажил албан ёсоор 6 сарын 1-нд эхэлсэн ч ажлын үйл явц нь маш удаж байгаа юм. Түүнчлэн санхүүжилт нь бүрэн шийдэгдсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.
Тэгээд болоогүй замынхаа зарим хэсгийг нь ч хуулж амжаагүй байж салбарын сайд нь "Дарханы зам 11-р сард ашиглалтад орно" гэж хэлээд сууж байгаа. Тэгэхээр сайд өөрөө замынхаа ажлын явцтай ч танилцаагүй байж таарах нь.
Хэсэг хугацааны өмнө “Яараад яахав дээ” өрнөж хөдөлгөөн цахим орчинд газар авч нэлээдгүй олон хүнд хүрч чадсан. Гэхдээ яарахгүй байсан ч орон нутгийн зам тэр дундаа Дарханы зам дээр гарах ослын тоо нэмэгдээд байгаад хэн хариуцлага хүлээх вэ?
Түр замын нөхцөл байдал үнэхээр хүнд, арчилгаа байхгүй, тоосжилт ихтэйгээс үүдэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Амьд үлдсэн хэсэг нь хуулийн дагуу осол гаргасан гэх шалтгаанаар шоронгийн хаалга татаж байна. Мөн нэмж Дарханы зам дагуух айл өрхийн эрх зөрчигдөж байгааг дурдах нь зүйтэй.
Угтаа бол замаа шинэчлэхээсээ өмнө түр зам тавих ёстой. Гэтэл ямар ч төлөвлөлтгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, стандарт хангаагүй түр замыг тавих ажил одоог хүртэл дуусаагүй л байна. Бүхэл бүтэн Зам Тээврийн Хөгжлийн Яамтай улс байж ганц замыг 2 улирал дамнан тавьдаг газар манайхаас өөр хаана ч үгүй.
Салбарын чинь хариуцлагагүй байдлаас болж хүний амь нас эрстээд байна. Зам Тээврийн Хөгжлийн Сайд аа!
Энэ олон хүний амь нас жолоочийн хариуцлагагүй байдлаас бус төр зохицуулалт хийж, хангах ёстой бодлогоос чинь болоод үрэгдээд байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Асуудал бүрд иргэдээ буруутгах нь төрийн хийх ажил биш харин иргэдээ болзошгүй эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг юм шүү.
Н.Чимгээ
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.